Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналтын пост ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-29 11:59:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэ сарын 28-ны өдрийн 608 тоот захирамжаар аймгийн төвд тарвага болон түүний түүхий эд, мах, тулам, нойтон арьсыг оруулж гаргахгүй байх зорилгоор хөдөлгөөнт эргүүл, хяналтын пост ажиллуулахаар болжээ.

Албаны хүний өгсөн мэдээллээр, тарваган тахлын идэвхтэй үе эхэлж, өвчин гарах эрсдэл нэмэгдэж байгаа тул ийнхүү арга хэмжээ авсан байна. 

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төв, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагуудын холбогдох алба хаагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нэг сарын турш ажиллана. Тухайн хугацаанд аймгийн төв орох, гарах замуудад тавих хяналтыг чангатгаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

Мөн иргэдийн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, буруутай этгээдэд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн 15 хувь буюу 45 мянга орчим төгрөгийг тарвага тус бүрээр тооцож мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах аж.

Ажлын хэсэг өнөөдрөөс Өлгий-Улаанбаатар чиглэлд зорчигч, ачаа тээвэрлэдэг жолооч нарт мэдэгдэл хүргүүлж, тарвага  болон түүний түүхий эдийг зөөвөрлөхгүй байхыг анхааруулж байна.   

相关新闻