Төрийн бус байгууллагууд "Цэвэр орчин-цэмцгэр Өлгий" сарын аян зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Сана" хувь хүний хөгжлийн сургалтын төв болон аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран "Цэвэр орчин-цэмцгэр Өлгий" сарын аяныг есдүгээр сарын 1-нээс аймгийн төвд зохион байгуулна.
Тус аян нь ард иргэдийг хоггүй цэвэр
орчин бүрдүүлэхэд уриалан дуудах, ахуйн хог хаягдлыг ангилах дадлага
хэвшүүлэх, сургуулиудын Эко клубуудын үйл ажиллагааг үр дүнтэй
явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, аяны
хүрээнд албан байгууллага, иргэдийн дунд ухуулга сурталчилгаа, сургалт хийхээс
гадна цэвэрч баг, гудамж, байр, байгууллага, шилдэг эко клуб, менежер
/багийн засаг дарга нарын дунд/ шалгаруулах болзолт уралдаануудыг тус тус
зарлаж, идэвхтэй оролцсон хувь хүн, байгууллагуудыг урамшуулах аж.
"Цэвэр орчин-цэмцгэр Өлгий"
аян ирэх 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.