Сурагчдын үдийн хоолноос гэдэсний өвчний нян илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-09-23 17:00:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас "Уудам Монгол эдүкэйшн" сургуулийн сурагчдын үдийн хоолонд шинжилгээ хийжээ.

Тус сургуулийн үдийн хоолыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ийн Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлсэн байна.  Тухайн өдрийн хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээжинд шинжилгээ хийхэд эд зүйлсийн гадаргуугийн арчдасны 76 хувьд гэдэсний өвчин үүсгэх нян илэрчээ.

Дээрх бичил биетнүүд байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай учир жирэмсэн эхчүүд болон цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдэд эрсдэлтэйд тооцогддог. Гэдэсний бүлгийн нянгаар бохирлогдсон хоол хүнс нь хүний бие организмд ходоод гэдэсний хямрал /бөөлжих, гүйлгэж суулгах...гэх мэт/, бусад эмнэл зүйн шинж тэмдгийг үзүүлж болно.
Иймд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, худалдан борлуулагч иргэд, аж ахуйн нэгж нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах, түүхий эд бүтээгдэхүүнийг зөв сонгох, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь тавьж ангилах, ажилчдын хувийн ариун цэврийг чанд сахихыг Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөж байна. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдыг хамруулах, эрүүл ахуйн зохистой дадлыг баримтлах, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг тогтмол цэвэрлэх, ариутгах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд удаан байлгахгүй байх, үйлдвэрлэлийн үе шат бүрт дотоод хяналт тавьж, стандарт шаардлагыг хангаж ажиллахыг зөвлөлөө. 

相关新闻