Өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-09-28 15:09:40

Төв /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол олгох танхимд өргөтгөл засвар хийж, стандартын дагуу тохижуулан үйлчлэхэд бэлэн болгожээ.

Танхим нь эмчийн үзлэгийн, сургалтын, хүлээлгийн өрөөтэй. Үүнд эмчийн үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө, итгэлтэй утас болон ганцаарчилсан зөвлөгөө, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг, үе тэнгийн сургагч бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах ажээ.

Төв аймгийн хэмжээнд 10-19 насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах юм байна. 

2008 онд өсвөр үеийнхэнд зориулсан “Золбоо төв” нэртэй танхимыг хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн боловсрол олгох зорилгоор Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд байгуулж байжээ. Тус танхимд 2018 оноос өсвөр үеийн эмч, нийгмийн ажилтанг бэлтгэн ажиллуулж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 350 хүүхдийг үзлэгт хамруулж, 1100 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 2000 гаруй хүүхэд, залууст эрүүл мэндийн зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт явуулжээ.

Энэхүү тусламж, үйлчилгээг Төв аймагт байнга буюу түр оршин суух 10-19 насны өсвөр үеийнхэн авах боломжтой юм байна. 

相关新闻