Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-24 17:31:52
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад худалдааг хөнгөвчилж, гаалийн үйлчилгээг сайжруулах зорилготой Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр МҮХАТ-д боллоо. 


“Бизнес эрхлэгчдээ сонсъё” уриатай тус уулзалтад ГЕГ, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, МҮХАҮТ, TRAM төсөл, худалдаа эрхлэгч, мэргэшсэн холбоод, бусад төрийн байгууллагын 150 гаруй төлөөлөл, экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөл оролцлоо.


Энэ үеэр ГЕГ-ын дарга Ц.Гэндэнцэвээн Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх “Ухаалаг гарц” бүртгэлийн систем, Тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх систем, Улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх систем, Гаалийн лабораторийн иж бүрэн шинэчлэлийн ажлыг танилцуулсан юм. 


Гаалийн шинэчлэлийн ажлын хүрээнд найман салбар лабораторийг байгуулах бөгөөд ингэснээр гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа болон зардлыг хэмнэж, худалдааг хөнгөвчлөх боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл, тээврийн хэрэгсэлд ачигдсан уул уурхайн бүтээгдэхүүн тус бүрээс дээж авч, шинжилснээр гаалийн хяналтад бүрэн хамруулж, АМНАТ, экспортын борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлох боломж бүрдэнэ. Нөгөө талаар бензин, дизель түлш зэрэг импортын бүтээгдэхүүний чанар стандартыг шалгаж хяналт тавих боломжтой.


ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг: “Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд хийх ёстой нийт ажлын 80% нь гаалийн байгууллагад харьяалагдаж байна. Юун түрүүнд хууль, дүрмээ яаралтай шинэчлэх шаардлагатай. Энэ хүрээнд Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлсэн. Гадаад худалдааг хөнгөвчлөх үүднээс гаалийг цахимжуулж, ухаалаг болгох шаардлагатай байна. Тиймээс программ хангамж, тоног төхөөрөмж ашиглаж, цаг, мөнгө хэмнэх нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайлбал, “Ухаалаг гарц” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Гаалийн ерөнхий газрын бүртгэсэн мэдээлэл Хил хамгаалах болон Мэргэжлийн хяналтын газарт очдог болох юм. Ингэснээр худалдааг хөнгөвчилж, бизнес эрхлэгчдийн цагийг дор хаяж 20-30 хувь хэмнэнэ гэж тооцож байгаа” гэлээ.


МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн: “МҮХАҮТ хөндлөнгийн тооллого, экспертизийн үйлчилгээ явуулдаг. Тодруулбал, аж ахуйн нэгжүүдийн мэдүүлсэн хилийн мэдүүлэг үнэн зөв байгаа үгүйг хянадаг юм. Энэ төрлийн хөндлөнгийн хяналтын хүрээг өргөжүүлж, илүү олон бүтээгдэхүүнийг хамруулахаар ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод хөндлөнгийн тооллого, хяналт  хийснээр иргэдийн элдэв хардлага үгүй болно” гэв. 

相关新闻