Нийслэлд 26 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-26 08:40:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд гурван ээлжээр хичээллэж буй төрийн өмчийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлж 100 хувь хоёр ээлжинд шилжүүлэх, зарим хороонд сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахаар тусгасан. Тэгвэл өдгөө Улаанбаатарт 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна.

 Ингэснээр сургуулийн сурагчдын суудлын тоо 6840, цэцэрлэгийн хүүхдийн ор 2500-аар нэмэгджээ.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж, “Барилга байгууламжийг эхлүүлж, эцсийн шатанд хүлээж авч ашиглалтад оруулах явцад алдаа дутагдал цөөнгүй илэрч байна. Тухайлбал, захиалагч буюу хяналт хэрэгжүүлэгч байгууллага нь барилга байгууламжийн шаардлагатай бичиг баримтыг дутуу бүрдүүлэх, барилгын ажлын явцын дунд зураг өөрчлөх, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байна. Мөн зарим барилгын зураг төслийг зохиогч байгууллагуудын мэргэжлийн хариуцлага дутмаг байна. Харин гүйцэтгэгч байгууллагууд хяналтаа сул тавьж байгаа бөгөөд зураг төслүүдээс зөрүүтэй гүйцэтгэхийн зэрэгцээ зам талбайн ажил хийхгүй орхих зэрэг асуудал цөөнгүй илэрсэн. Цэцэрлэгийн барилгын гал тогооны хэсэгт хүнсний бүтээгдэхүүн буулгадаг зайлшгүй шаардлагатай орц гарц талбайг тусгахгүй орхигдуулдаг асуудал ч бий. Эдгээрийг бид дүгнэж цаашид яах хэрэгтэй талаар зөвлөмж өгч байгаа" гэв.

Хот байгуулалт, хөгжлийн газар нь наймдугаар сард нийт 73 барилгад шинээр зөвшөөрөл олгож, таван барилга байгууламжийн зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгасан бол, энэ сард нэмж 82 барилгад шинээр зөвшөөрөл олгож, нэг барилгын зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаад байгаа аж.

相关新闻