Сэлэнгэ 10 дахь удаагаа шилдэг аймгаар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2019” шинэ ургацын үзэсгэлэн худалдаа Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүрээнд “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор Улаанбаатар хотноо “Мишээл Экспо” төвд энэ сарын 18-24-ний өдрүүдэд боллоо.
“Алтан намар-2019” үйл ажиллагаа нь хүн амын хүнсний
хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн
шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд
шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой юм. Мөн дотоодын хүнсний бүтээгдэхүүний борлуулалтыг
дэмжих зорилгын
хүрээнд болдгоороо өргөн
агуулгатай аж.
Тус
үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ
аймгийн Шаамар, Зүүнбүрэн, Сүхбаатар, Мандал, Жавхлант, Орхон,
Хушаат, Баруунбүрэн, Баянгол, Ерөө сумын 80 гаруй ногоочин, 6 хүнс үйлдвэрлэгч
оролцжээ. Оролцогчид 2000
ширхэг хмелийн талх, 1800 ширхэг утсан загас, 300 тн төмс, 750 тн хүнсний
ногоо, 6500 ширхэг даршилсан ногоо, 1000 ширхэг жимс, жимсгэний суулгац, 2 тн
зөгийн бал борлуулж, 715 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Нийслэлийн иргэддээ экологийн
цэвэр төмс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр 7 хоногийн турш үйлчилсэн тус үзэсгэлэн
худалдаанаас “Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг”-аар шалгарчээ. Мөн ”Шинэ
сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин”-оор Шаамар сумын ногоочин
С.Оюундэлгэр, “Шилдэг хоршоо”-гоор Шаамар сумын “Бүтээлч Шаамар” хоршоо,
“Хамгийн их олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин”-оор Шаамар
сумын ногоочин О.Мөнхцэцэг, “Хамгийн их төмс борлуулсан ногоочин”-оор Хушаат
сумын ногоочин Б.Сэлэнгэ, “Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин”-оор
Мандал сумын ногоочин Ц.Наранцэцэг, Сүхбаатар сумын ногоочин Л.Алтанцаг,
Д.Нарантуяа, “Эрүүл хүнс -2019” үзэсгэлэн худалдааны “Шилдэг органик
бүтээгдэхүүн”-ээр Сэлэнгэ органик Баянгол хамтын баталгаажуулалтын байгууллагын
“Зөгийн бал” тус тус шалгарав.