МУИС электроник, автоматжуулалтын сургалт судалгааны лабораторитой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-15 11:44:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-д Европын холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй Европ Монголын хамтын ажиллагааны инженерийн боловсролыг шинэчлэх төслийн хүрээнд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар электроник, автоматжуулалтын сургалт судалгааны лабораторийг нээлээ.

Тус лабораторид электроникийн үндсийн анхан шатны ажлаас эхлэн хэлхээний анализ ба дизайн, Удирдлагын системийн хичээлийн лабораторийн ажил хийх боломжтой юм. Мөн дохионы анализ хийх, бодит системийг загварчлах гэх мэт сургалт, судалгааны ажилд хэрэглэх юм. Уг  төслөөр магистрын түвшний удирдлагын систем, гурван хэмжээст дэлгэц, хатуу биеийн электроник, чип дизайн, хүрээлэн буй орчны инженер-аюулгүй байдлын инженерчлэл, дүрс боловсруулалт ба хэв танилт, сенсорын техник, хиймэл оюун ба машин сургалт хичээлийн агуулгыг шинэчлэн сургалтад нэвтрүүлж байна.

2018 оноос 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд электроник, автоматжуулалтын магистрын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Болгар, ХБНГУ, Франц, Италийн түнш их сургуулийн туршлага, агуулгаар баяжуулан шинэчлэн боловсруулж, сургалт судалгааны орчныг сайжруулж байгаа юм. Ингэснээр олон улсын зах зээлд нийцсэн инженер судлаачдыг бэлтгэхэд чухал алхам болно гэдгийг албаныхан хэллээ.



相关新闻