"МиГ-29УБ” сөнөөгч онгоц хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-26 18:02:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй байлдааны "МиГ-29УБ” сөнөөгч онгоцыг өнөөдөр хүлээн авлаа.


Хүлээн авах ёслолд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОХУ-ын Агаар-Сансарын хүчний Ерөнхий командлагч нэгдүгээр орлогч хошууч генерал Хейрбеков Забит Сабирович, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр болон холбогдох албаныхан оролцов.


“МиГ-29УБ” сөнөөгч онгоц нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн өөрт оногдсон үүргээ биелүүлэх чадавхийг бэхжүүлэх, Монгол Улсын агаарын хил, орон зайн аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Мөн тус сөнөөгч онгоц нь нисэх бүрэлдэхүүний нислэгийн ур чадвар, жолоодлого, байлдааны болон байлдааны- буудлагатай үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх юм.  “МиГ-29УБ” нь газар дээрх бай объектуудад цохилт өгч устгах, хуурай замын цэрэг, агаарын десантыг агаараас халхлах, байлдааны ажиллагааны бүсийг тусгаарлах, агаарын тандалт явуулах зэрэг үүрэгтэй аж.


Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн түүхээс цухас дурдвал 1925 онд анхны “Ю-13” маркийн тээврийн 3 нисэх онгоц хүлээн авсан үеэс эхлэн Зөвлөлтийн сургагч нарын удирдлагаар Монгол залуус "Ю-13", "Ил-2", "Р-1", "Р-5", "У-2", "ПО-2", "ЯК-7" загварын онгоцыг жолоодон, эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж эхэлсэн байна.

相关新闻