Малын эрүүл мэндийн нэгдсэн системийг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-11 18:02:41
Архангай /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газраас малын эрүүл мэндийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр аймгуудад сургалт зохион байгуулж байна.
Энэ сургалтаар малын эрүүл мэндийн нэгдсэн систем түүний ач холбогдлын талаар малчид болон малчдын байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэж, танилцуулан сурталчлах, өөрийн үйл ажиллагаандаа тус системийг ашиглах малын эмч мэргэжилтнүүдэд зориулан танхимын болон ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг шуурхай зохион байгуулах юм.
Малын эрүүл мэндийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг 11-р сарын 20-ноос эхлүүлж, аймгуудад сургалт сурталчилгааг явуулан сумдын малын эмч нарыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байгаа ажээ.
Энэ системийг нэвтрүүлснээр малаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл эцсийн хэрэглэгчдэд тодорхой байх явдал юм. Өөрөөр хэлбэл, хэн гэдэг малчны ямар зүсмийн мал тарилга, туулга, угаалганд хэдийд орсон буюу эрүүл байгаа эсэх гээд тухайн малын мэдээлэл бүгд багтсан байх ба энэ нь баар кодоор уншигдах ажээ.
Энэ ажлыг тухайн аймагт Мал эмнэлгийн газар, Ногоон алт эрүүл мэнд төсөл хамтран зохион байгуулах юм.
相关新闻