Гэмт хэргийн хор уршигт юу нөлөөлж байгаа талаар хүүхдүүд бодол санаагаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-17 22:25:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд бидний оролцоо" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ.

Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан тус үйл ажиллагаанд нийт 28 сурагч оролцсон байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг утга найруулгын болон шинэлэг санал, санаачилга дэвшүүлсэн байдлыг харгалзан үзэж байр эзлүүллээ хэмээн зохион байгуулагчийн зүгээс онцоллоо. Уралдааны нэгдүгээр байрт Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Норжинсүрэн шалгарчээ. Тэрээр:”Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд бидний оролцоо" гэсэн ерөнхий сэдвийнхээ хүрээнд гэмт хэргийн хор уршигт юу нөлөөлж байгаа талаар би өөрийн бодол санаагаа илэрхийлэн бичсэн. Өнөөгийн бидний амьдралд тулгамдаж буй олон асуудал байдаг. Тухайлбал архидалт, зам тээврийн осол, хүчирхийлэл гээд. Би эдгээр сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудын талаар өөрийн бодол санаагаа уран сайхны аргаар, асуудал дэвшүүлэн бичиж түрүүлсэндээ баяртай байгаа” гэлээ.

Тус уралдааны дэд байрт Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Г.Анужин, гутгаар байрт Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч А.Хулан, тусгай байрт Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Л.Ихэрцэцэг нар тус тус шалгарчээ.

 

 

 

相关新闻