Ногооннуур сумын хоёр мянга гаруй бод мал Увс аймагт оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5, 6, 7, 8 дугаар
багийн хоёр мянга гаруй толгой бод мал Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт
орших Ачит нуурын сав газарт оторлож байна.
"Манай сумын удирдлага Бөхмөрөн сумтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Тус гэрээний хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-наас сумын төвийн бод
малыг Увс аймгийн нутагт оторлуулж байна. Тэнд хоёр сар гаруй хугацаанд өвөлжинө.
Зарим иргэдийн хувьд малаа буцаагаад авч ирж байгаа" хэмээн тус сумын ЗДТГ-ын
дарга М.Төкен хэллээ.
Ногооннуур сум нь 1576 өрх, 6311 хүн амтай Баян-Өлгий аймгийн томоохон
сумдын нэг. Сумын хэмжээнд 2019-2020 оны өвөл 203 мянган толгой мал өвөлжиж
байгаа аж. Одоогоор сумын нутаг дэвсгэрт өвөлжилт хэвийн, цас бага, малын тарга
тэвээрэг сайн байгааг тэрээр онцоллоо.