Улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдийг халдваргүйжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид энэ өдрүүдэд МХЕГ-ын даргын
2020 оны “Шинэ коронавирүсний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах" тухай 01/01
тоот албан даалгаврын дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай
холбогдуулан нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш ОХУ-аас Цагааннуурын
боомтоор манай улсын хилийг нэвтэрсэн 177 тээврийн хэрэгсэлд хуурай аргаар
ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн 432
зорчигчийн халууныг хэмжихэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Мөн зорчигчдоос асуумжийн хуудсаар эрүүл
мэндийн мэдүүлэг авч, шинэ коронавирусний халдвараас урьдчилан
сэргийлэх чиглэлээр ДЭМБ болон Эрүүл мэндийн яам, холбогдох бусад
байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг өгч ажиллаж байгаа ажээ.