Хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэх явц улсын хэмжээнд 61 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 31-ний байдлаар 25885 албан тушаалтан Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-гээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлжээ. ХОМ-ээ шинэчлэх явц улсын хэмжээнд 61,7 хувьтай үргэлжилж байна
Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас УИХ-ын гишүүн 8, Засгийн газрын гишүүн 2, Төрийн нарийн бичгийн дарга 3, Агентлагийн дарга 8, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 8, бусад 14, нийт 43 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц 14,8 хувьтай байна.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, Хил хамгаалах ерөнхий газар, Эрчим хүчний яам, орон нутгаас Увс, Хэнтий, Дорнод, Завхан аймгуудад ХОМ бүрдүүлэлт 80-аас дээш хувьтай байгаа аж.
Харин Сангийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төв болон Дорноговь аймгуудууд ХОМ бүрдүүлэлт 30 хувьтай байна.
Нийтийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллахаас гадна жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Албан тушаалтнуудаас ХОМ-ийг жил бүр гаргуулан авч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гол үйл ажиллагаа юм.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд илүү цагаар болон 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба, ням гаригуудад ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.