Тахианы мах, махан бүтээгдэхүүний импортыг хязгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-07 11:32:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээс гадна БНХАУ-ын Хунань мужид H5N1, Шинжаан мужид H5N6 төрлийн шувууны томуу гарсантай холбогдуулан тус улсаас тахианы мах, шувууны өндөг импортлохыг хязгаарласан тухай Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэв. 


МХЕГ болон ЭМЯ-наас Гаалийн ерөнхий газарт ирүүлсэн зөвлөмжийн дагуу тус байгууллага БНХАУ-аас тахианы мах, махан бүтээгдэхүүн, тахианы тэжээл, өндөгний импортыг хязгаарлажээ. Хоёрдугаар сар гарснаас хойш энэ төрлийн бүтээгдэхүүн Монгол Улс импортлоогүй. Харин энэ оны нэгдүгээр сард БНХАУ-аас 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолжээ. Өндөгний хувьд, 100 хувь ОХУ-аас импортлосон байна. 


Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 30-ны хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар нэвтрэх зарим зорчих хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлан ажиллаж байгааг ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайван мэдээлэв. 


Тэрбээр, “Халдвар гарсан орнуудын мэдээллийг тогтмол хянаж байна. Он гарсаар, коронавирусний халдварын голомт БНХАУ-ын Ухань хотоос импортлосон бараа байхгүй. ДЭМБ-ын зарласан халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудаас 2019 онд 23.7 сая ам.долларын бараа импортлосон бол он гарсаар, 10.8 сая ам.долларын бараа импортложээ. Гаалийн байгууллагын алба хаагчид хилийн боомтуудад шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 18 гаалийн газар, хороодтой хоёр цаг тутамд мэдээлэл солилцож байна” хэмээв. Мөн ДЭМБ болон Дэлхийн гаалийн байгууллагын холбооноос өгсөн чиглэл, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж байгааг дуулгалаа. 


Амны хаалтанд тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй, татваргүй оруулж байгааг тэрбээр мөн онцоллоо. Тодруулбал, хувь хүний хэрэглэх амны хаалтыг Засгийн газрын 2009 оны 335 дугаар тогтоолын дагуу татвараас чөлөөлж шуурхай нэвтрүүлж байгаа аж. 


2019 оны нэгдүгээр сарын байдлаар, нийт 500 мянган амны хаалтыг Монгол Улс импортлосон бол энэ оны нэгдүгээр сард 68 мянга 700, хоёрдугаар сард  нэг сая 944 мянгыг импортложээ. Ариутгал, цэвэрлэгээний бодисын импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэнийг ГЕГ-ын Статистикийн албаны хэлтсийн дарга Б.Цэрэн мэдээллийн үеэр дурдлаа. 


Мөн үеэр Монголын пастерын ахлагчдын холбооноос коронавируст халдварын хамгийн эрсдэлтэй цэгт ажиллаж буй ГЕГ-ын алба хаагчдад найман мянган амны хаалт, 100 ширхэг ариутгалын бодис хандивлаж байгаагаа мэдэгдлээ. Тус холбоо өнгөрсөн 10 хоногийн хугацаанд христийн шашинд итгэгчдийн дунд сайн үйлсийн аян зохион байгуулж 30 мянган амны хаалт, 300 гар ариутгах бодис цуглуулжээ. Монгол Улсын хэмжээнд хилийн боомтуудад 670 орчим гаалийн хяналтын улсын байцаагч болон бусад албан хаагчид ажиллаж байна.


Ташрамд дурдахад, 2019 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн дотоодын зорчигч 181897 байсан бол 2020 оны нэгдүгээр сарын байдлаар, 161816 иргэн нэвтэрчээ. Харин Монгол Улсын хилээр гарсан гадаадын зорчигч 2019 оны байдлаар 182789 байсан бол 2020 оны байдлаар, 150890 байна. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гадаад зорчигчдын гарах хөдөлгөөн нэмэгдэж, дотоодын иргэдийнх багассан байна.

相关新闻