ШЕЗ: Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 82 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шүүх 2019 онд бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1421 захиргааны ажилтны хүний нөөцөөр 86 983 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Энэ тухай ШЕЗ-өөс 2019 оны ажлын тайлангаа өнөөдөр танилцуулахдаа мэдээлсэн юм.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан, Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Ц.Амарсанаа нар шүүн таслах ажиллагааны дүн мэдээ, шүүхийн ачааллын талаар мэдээллээ.
Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2019 онд эрүүгийн 13 427 хэрэг, иргэний 43 397 хэрэг, захиргааны 1747 хэрэг, зөрчлийн 18 398 нийт 76 969 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15 366 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17 829 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 1302 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3162 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар, захиргааны хэрэг 1.7 хувиар, зөрчлийн хэрэг 36 хувиар тус тус өсөж, иргэний хэрэг 11.1 хувиар буурсан байна. Давж заалдах шатны шүүх 2019 онд эрүүгийн 2286 хэрэг, иргэний 3082 хэрэг, захиргааны 1416 хэрэг, зөрчлийн 363 хэрэг, нийт 7147 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2019 онд эрүүгийн 927 хэрэг, иргэний 1332 хэрэг, захиргааны 608 хэрэг, нийт 2867 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээс 21.5 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Дүүргийн шүүхийн ачаалал 55-64 хувиар нэмэгджээ
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 68.9 хэрэг, 2018 онд 123.6 хэрэг, 2019 онд 138.9 хэрэг ногдож байна. Харин Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 63 хэрэг, 2018 онд 76.6 хэрэг, 2019 онд 86.1 хэрэг, Сум дундын шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 28.3 хэрэг, 2018 онд 28.4 хэрэг, 2019 онд 34.5 хэрэг ногджээ.
Сүүлийн 3 жилийн дунджаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 55.3 хувиар, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 32.1 хувиар, Сум дундын шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 18.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 25.9 хэрэг, 2018 онд 28.9 хэрэг, 2019 онд 30.1 хэрэг, Хяналтын шатны шүүх /УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим/-ийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 48.8 хэрэг, 2018 онд 95 хэрэг, 2019 онд 112.3 хэрэг тус тус ногдож байна.
Сүүлийн 3 жилийн дунджаар Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 14,4 хувиар, Хяналтын шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 64,0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Мөн 2019 онд анхан шатны журмаар шийдвэрлэсэн нийт 13427 эрүүгийн хэргийн 7362 хэргийг буюу 55.0 хувийг дүүргийн шүүхүүд, 5192 хэргийг буюу 39.0 хувийг аймгийн шүүхүүд, 873 хэргийг буюу 6.0 хувийг сум дундын шүүхүүд шийдвэрлэлээ.
Зарим төрлийн гэмт хэрэг их хэмжээгээр нэмэгдэв
Монгол Улсын хэмжээнд шүүхээр таслагдсан гэр бүлийн хүчирхийлэл, залилан, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо 2019 онд эрс ихэссэн байна. Тодруулбал, хүнийг алах гэмт хэрэг 9 хэргээр буюу 5.1 хувиар, хүчингийн гэмт хэрэг 46 хэргээр буюу 16.3 хувиар, хулгайн гэмт хэрэг 118 хэргээр буюу 7.6 хувиар, дээрмийн гэмт хэрэг 15 хэргээр буюу 5.0 хувиар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 71 хэрэг буюу 1.2 хувиар нэмэгдсэн байна.
Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хамгийн их буюу 82.6 хувиар нэмэгджээ.
Харин Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 117 хэрэг буюу 11.5 хувиар, Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг 4 хэргээр буюу 7.1 хувиар, Залилах гэмт хэрэг 151 хэргээр буюу 33.3 хувиар нэмэгдсэн байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт 42 хэргээр буюу 32.8 хувиар ихэссэн байна.
Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 36.0 хувиар нэмэгдэв
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2019 онд харьяаллын дагуу зөрчлийн 17629 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 769 шийдвэрийг хянаж, нийт 18398 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс харьяаллын дагуу 17990 хүнд холбогдох 17656 хэргийг хүлээн авч, 17629 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 27 хэргийн үлдэгдэлтэй, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдол гараагүй байна.
•ЗтХ-ийн 14.7-5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг нь хамгийн их дүнтэй шийдвэрлэгдсэн бөгөөд нийт хэргийн 43 хувийг дангаараа эзэлж байна.
•ЗтХ-ийн 5.2 дугаар зүйлд заасан Танхайрах зөрчил 2 дахин нэмэгдсэн.
Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд тайлант хугацаанд 391 зөрчлийн хэрэг хүлээн авч, 17 хэргийг хүлээн авахаас татгалзан буцааж, 363 хэргийг хянан шийдвэрлэж, 11 хэргийн үлдэгдэлтэй байна.