Архангай аймгийн нийт хүн амын 49.8 хувь нь эмэгтэйчүүд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой тоон мэдээллийг танилцуулъя.
Архангай аймаг 95 мянга гаруй хүн
амтай. Нийт хүн амын 49.8 хувь буюу 46.9 мянга нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн
ихэнх буюу 60.6 хувь нь хөдөө байгаа бол 22.8 хувь нь аймгийн төвд, 16.6 хувь
нь суманд амьдарч байна. Аймгийн эмэгтэйчүүдээс 257 нь ихэр хүүхэдтэй ба алдарт
эхийн 1 дүгээр одонтой 2330, 2 дугаар одонтой 5184 эх байна. Нийт 2416 эх өрх
толгойлж амьдарч байгаа ба үүнээс 890 нь 3-5 хүүхэдтэй, 208 нь 6-гаас дээш
хүүхэдтэй байна.
Архангай аймагт ажиллаж амьдарч буй
ЕБС-ийн 822 багшийн 81.5 хувь нь, СӨБ-ын 218 багшийн 96.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол нийт 9167 сурагчийн 50.4 хувь нь
эмэгтэй байна.
Эмэгтэйчүүдийн ажилладаг бусад
салбарыг дурдвал төрийн алба хаагчдийн 65.7 хувийг, эдийн засгийн салбарт 47,
малчдын 42.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.