ШӨХТГ-ын "Хэрэглэгчийн утас-115" ажиллаж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-13 17:17:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас хэрэглэгчдэд илүү хүрч ажиллах үүднээс "Хэрэглэгчийн утас-115" төлбөргүй ярианы дугаарыг өнөөдрөөс албан ёсоор ажиллуулж эхэлсэн тухай мэдээлэв.   


Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва болон бусад холбогдох албаныхан “Хэрэглэгчийн утас -115”-ыг албан ёсоор нээж буйг олон нийтэд зарлалаа. 




Тус "115" дугаарт иргэд ямар ч харилцаа холбооны оператороос үнэ төлбөргүй ШӨХТГ-т гомдол, санал хүргүүлэх боломжтой юм. Ингэхдээ, хууль, тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн буруутай ажиллагаа, зах зээлийн шударга бус өрсөлдөөн зэргийг мэдээлэх юм. Үүнэс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр, улс төрийн чансаа тогтоох, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээ тарааснаас өрсөлдөөнд нөлөөлөх зэрэг зөрчлийн талаар гомдол гаргах боломжтой. 



ШӨХТГ нь 2016 оны 12 дугаар сард иргэд, хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, бусад аж ахуй эрхлэгчдийн хэрэглэгчийн үйлчилгээний төвүүдтэй нэгдсэн системд холбогдох, мөн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх оновчтой механизмыг бүрдүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийг байгуулж байсан.


Тус төвийг үүсгэн байгуулснаас хойш буюу 2017-2020 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 8469 иргэд, хэрэглэгчийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг 1800-1284 утсаар болон биечлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэн 96 090 500 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулсан байна.

相关新闻