ОХУ-аар дамжин ирж байгаа монгол иргэдээ хүлээн авах нь бидний үүрэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой
комиссын дарга Ш.Оргил 3 дугаар сарын 18-ны өдрийн нөхцөл байдлын талаарх
мэдээллийг өглөө.
Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн ямар нэгэн зовуурь илрээгүй байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос эрүүл мэндийн анхан шатны үзлэг, тандалтаар сэжигтэй тохиолдол гурав илэрснийг аймгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ. Мөн 33 зорчигчийг Алтанбулаг, Сүхбаатар сумын тусгаарлах байранд ажиглалтад авлаа. Алтанбулаг боомтын гарах чиглэлд нийт 52 зорчигч гарсан байна. ОХУ-аар дамжин эх орноо, эцэг эхээ гээд зорин ирж байгаа монгол иргэдээ хүлээн авах нь бидний үүрэг. ОХУ-ын Их, дээд сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа түр зогсоож оюутнуудаа дотуур байрнаасаа гаргаж байгаа мэдээлэл ирж байна.
Цахим орчинд яагаад монголчуудаа хилээр оруулаад байгаа юм бэ, хилээ хаагаач ээ гэсэн мэдээллүүд их явж байна. Нөхцөл байдал иймдээ хүрч Монголын оюутнууд маань тухайн газраа байх боломжгүй болж байхад бид хүлээн авахгүй байж болохгүй ээ. Манай зүгээс 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал аймгаасаа төлөөлөгч томилоод тусгайлан бэлтгэсэн хоёр автомашины хамт хилийн цаана буюу Хиагтын районд гарч монгол иргэдээ тосч авч байсан. Ингэхдээ аль болохоор гуравдагч орноос ОХУ-аар дамжин ирж байгаа иргэдийг өөр хооронд нь хольж, нэг дор бөөгнөрүүлэхгүй хил нэвтрүүлэх арга хэмжээг авч ажилласан.
ОХУ-аас хилийн боомтууддаа 3 дугаар сарын
18-наас 5 дугаар сарын 01 хүртэл зорчигч тээврийн түр хязгаарлалт хийж
байгаа. Иймээс бид өмнөх шигээ хилийн цаана гарч зохицуулалт хийх боломжгүй
болоод байна. Иймд Хиагт руу ирж байгаа монгол иргэд хилийн цаана аль болох өөр
хоорондоо холилдохгүй байх, хилээр орж ирэхдээ мэдүүлэг, анкетыг үнэн зөв
бөглөх, албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдад хүндрэл бэрхшээл
учруулахгүй байхад онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
Сэлэнгэ аймаг энэ чухал үед сонор сэрэмжээ
сулруулахгүй байх чухал хариуцлагатай ажиллах үүрэгтэй. Учир нь бид Европ
тивийн хаалгыг манаж байгаа аймаг.