Сэлэнгэ аймгийн хүлээн авах хүчин чадал дээд хэмжээндээ хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын энэ өдрийн ээлжит
мэдээллийг Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч, аймгийн Онцгой комиссын нарийн
бичгийн дарга Б.Ганхүү өглөө.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт тусгаарлагдан ажиглалтад байгаа 196 иргэний биеийн байдал хэвийн байна. Эдгээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зургаан цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн газар, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, иргэдэд заавар зөвлөмж, гарын авлага тараан ажиллаж байна.
Энэ өдөр Алтанбулаг
боомтоор дамжин орж ирсэн 56 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Дархан-Уул
аймгийн Онцгой комисст шилжүүлжээ. Эдгээр зорчигчид ОХУ-ын Москва,
Санк-Петербург, Иркутск, Екатеринбург, Новосибирск, Хиагт, Улаан-Үд хотоос ирсэн
оюутан залуучууд, иргэд байгаа аж. Сэлэнгэ аймгийн хувьд иргэдийг
хүлээн авах хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихээд байна. Хөрш Дархан-Уул аймаг
ч ялгаагүй хүлээн авах хүчин чадал бас дээд хэмжээнд хүрсэн. Иймээс бид нөхцөл
байдлаа улсын Онцгой комисст танилцуулсан гэв.