Теле хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-04-23 16:46:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, сурагчид зайнаас хичээллэж буй энэ үед бүх сурагч сургалтад бүрэн хамрагдаж чадахгүй байна.

Энэхүү  нөхцөл, байдлаас шалтгаалж, сурагчид хичээлийн хоцрогдолд орох эрсдэлтэй байгаа тул асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг болон дүүргүүдийн боловсролын газрын удирдлагууд 23 дугаар лаборатори сургуулийн ажилтай танилцлаа.

Тус сургууль багш-сурагч цахимаар холбогдож, хичээл заах, шалгалт авах боломжтой MOODLE системийг туршиж байгаа юм. Энэхүү системийг дэлхийн 200 гаруй орон нэвтрүүлсэн бөгөөд сургалтын амжилтыг ахиулсан үзүүлэлт гарчээ. Тус системийг хэрэгжүүлснээр сурагчид хичээлээ тасралтгүй давтах боломжтой болж, багш нарын ажлын ачаалал хөнгөрч, багш сурагчийн эргэх холбоо сайжирч, сурагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх боломж бүрдэх юм.

Мөн тус систем нь компьютер болон гар утасны аппликейшн хэлбэрээр багш, сурагчдад хүрч байгаа тул цахим орчинд хаанаас ч холбогдох боломжтой. Түүнчлэн хичээл хэвийн байдлаар явагдаж эхэлсэн ч энэхүү системийн ач холбогдол буурахгүй юм. Учир нь сурагч ангидаа үзсэн хичээлийг гэртээ нөхөж судлах боломжтойгоос гадна хичээл бүрийн номыг программд оруулснаар хүнд цүнх үүрэхгүй байх давуу талтай. Харин эцэг, эхчүүдийн хувьд сурагчдын хичээлийг шалгаж, багшийн үнэлгээг харж, зарим тохиолдолд цахимаар ангийн хуралд оролцох нөхцөл бүрдэнэ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа албаны хүмүүст MOODLE системийг нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэх боломжийг судлах, теле хичээлийн зохион байгуулалт, ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотой бэлтгэл ажлыг сайн зохион байгуулах, “Би Хариуцлагатай аав, ээж” аян, “Хотын соёл”-ыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв.

相关新闻