2-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй оношилж, эмчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2-12 насны хүүхдийн шүдийг үнэ
төлбөргүй оношлох, эмчлэх, үйлчилгээг дөрвөн шүдний эмнэлэг үзүүлж байна. Он
гарсаар эдгээр эмнэлгээр нийт 240 хүүхэд үйлчлүүлжээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2019 оны 5-р сараас эхлэн хувийн шүдний эмнэлгүүдийг сонгон шалгаруулалтад оруулж, 2-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх эрх олгосон ажээ. Энэхүү сонгон шалгаруулалтад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Тэгш дент”, “Тод дент”, Мандал суманд “Инээмсэглэл” зэрэг хувийн хэвшлийн эмнэлгүүд тэнцэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгвэл энэ сараас эхлэн Сайхан сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн шүдний кабинет нэмэгдэн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Сэлэнгэ аймгийн хувьд шүдний өвчлөлөөр бусад аймгаас дээгүүрт ордог төдийгүй аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетаар үйлчлүүлэх иргэдийн эмчид үзүүлэх цаг сарын өмнө дуусдаг. Мөн цаг олддоггүй зэрэг хүндрэл гарч байсан юм. Тэгвэл энэхүү үйлчилгээ эхэлснээр дээрх хүндрэл багасч, үр дүн гарч эхэлжээ. Мөн хөл хорио тогтоосноос хойш аймгийн шүдний эмнэлгүүд харьяалал харгалзахгүй үйлчилж байгаа аж.
Ташрамд
дуулгахад, хүүхдүүд шүдээ үзүүлэхээр ирэхдээ заавал эцэг эх, асран
хамгаалагчтайгаа хамт ирж, цахим бүртгэлд бүртгүүлэх ёстой. Харин сум,
тосгодоос ирж үйлчлүүлэх хүүхдүүд сонгогдсон шүдний эмнэлгүүдээс урьдчилан
цаг авсан байх шаардлагатай аж. Ингэж урьдчилан цаг авах үйлчилгээг үзүүлэх боломж
бүрэн нээлттэй, ямар нэгэн хүндрэл учрахгүй юм байна.