Х.Раушан: Баян-Өлгийнхний бэлэглэсэн танк Дрезден хотын Танкийн музейд хадгалагдаж байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-08 11:53:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны үед Монголын ард түмний өгсөн бэлгийг фронтод хүргэлцсэн төр, нийгмийн зүтгэлтэн М.Хашхынбайн охин Х.Раушантай ярилцлаа.


Та сайхан хаваржиж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Хашхынбайн Раушан гэдэг. 1956 онд төрсөн. Аавынхаа ачаар ЗХУ-ын Иркутск хотын Багшийн их сургуулийн Орос хэлний факультетийг төгссөн. Улаанбаатар, Өлгий хотын сургуулиудад орос хэлний багш, сургалтын менежерээр 25 жил ажиллаж, одоо гавьяаны амралтад сууж байна.

Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

- Эцэг, эхээс зургуулаа. Гурван охин, гурван хүү байгаа. Би тав дахь хүүхэд нь. Ах, эгч нар маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо дүү Х.Зибаш бид хоёр Өлгий хотод амьдарч байна.

Танай аав ямар хүн байсан бэ?

- Миний аав ард түмэндээ, эх орондоо танигдсан, олны хайр хүндлэлийг хүлээсэн хүн байсан. Өвөрмөц хувь заяатай хүн гэж ч хэлж болно. 1918 онд Цагаан гол сумын нутагт төрсөн. Хүүхэд насандаа ядуу тарчиг амьдарсан. Эцэг эхээ тэжээхийн тулд хүмүүсийн малыг хариулж, сарын хөлсөндөө төлөг авч, гэр бүлээрээ амьдралаа залгуулдаг байжээ. 1932 онд Ойгорд бага сургууль байгуулагдахад эрдэм ном сурахаар мордсон байна. Тэнд С.Шолтай багшаас бичиг үсэг заалгаж, 1938 оноос Ховд аймаг дахь дунд сургуульд суралцжээ. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдахад тус аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргаар томилогдсон байна. Дараа нь Булган сумын Ёлт сургуулийн захирлаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад 1942 онд 23 насандаа аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогджээ. Тус албыг тасралтгүй 13 жил хашсан. 1956-1962 онд МАХН-ын Төв хорооны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгч гишүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажилласан. Үүний дараа аймгийн Прокурор, сум нэгдлийн дарга зэргээр төрийн өндөр бөгөөд хариуцлагатай албыг 40 гаруй жил үр бүтээлтэй хашсан гавьяатай хүн юм. 1978 онд тэтгэвэрт гарч, 1986 онд нас барсан.


- Аавынхаа фронтод тусламжийн бэлгийг хүргэж очсон дурсамжаас хуваалцахгүй юу?

- 1942 онд 24 насандаа Зөвлөлтийн Улаан Армид Монголын ард түмний тусламжийн бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Аугаа их эх орны дайны фронтыг зорин морджээ. Энэ урт аяллын явцад маш олон бэрхшээлтэй нүүр тулж, зарим нөхдөө ч алдсан байдаг. Тухайн үйл явдлыг баримтжуулж явсан сэтгүүлч нөхөд нь дайсны суманд оногдож нас баржээ. Гэсэн хэдий ч очсон зорилгоо бүрэн биелүүлсэн. “Хувьсгалт Монгол” танкийн бригадын бүрэлдэхүүнд байсан манай аймгийн ард иргэдийн тусламжийн хөрөнгөөр бүтээсэн “От арат Баян-Улгейского” гэсэн бичигтэй танкийг танкийн цувааны захирагч Л.Резковт өөрийн гараар хүлээлгэж өгсөн байна. Энэ тухай аав маань өөрийн дурсамж номонд, “Баян-Өлгийнхний илгээсэн хоол хүнс, хувцас, бусад эд барааг дайчдад тарааж өглөө. Л.Резков намайг танканд суулгаж ийш тийшээ явж сонирхууллаа. Уулзалтын дараа, “бид эдгээр танкуудаар Берлиний гудамжийг дэвсэлнэ” гэж хэллээ хэмээн бичсэн байдаг. Мөн тэнд И.В.Сталинтэй уулзсан. И.В.Сталины аавд дурсгал болгон бэлэглэсэн гар буу өнөөдөр аймгийн Музейд хадгалагдаж байна.  


Тэр танк Берлинд хүрсэн болов уу?

- Хувьсгалт Монгол танкийн бригадаас 10 гаруй танк 5375 км зам туулж Берлинд хүрсэн мэдээлэл байна. Тэдний дотор дээр дурдсан танк ч байгаа. Баян-Өлгийнхний бэлэглэсэн танк одоо ХБНГУ-ын Дрезден хотын танкийн музейд хадгалагдаж байна. Үүнийг нүдээрээ үзсэн амьд гэрч Өлгий сумын өндөр настан Магрипа өнөөдөр эсэн мэнд амьдарч байгаа.


Эх орны дайны жилүүдэд Баян-Өлгий аймгийн ард иргэд хэдий хэмжээний тусламж үзүүлсэн бол?

- Архивын болон түүхчдийн бичсэн баримтуудаас харахад 1941-1942 онд 702 мянган төгрөгийн эд бараа, 4791 адууг фронт руу илгээжээ. 1943 онд 376 мянган төгрөг, 2629 адуу, 1944 онд 103 мянган төгрөг, 791 адуу, 1945 онд 1071 адууг тус тус явуулсан байна.

М.Хашхынбай гуай хэдий хугацааны дараа фронтоос эргэж ирсэн бэ?

- 1942 оны 12 дугаар сард очоод, 1943 оны 11 дүгээр сард буцаж ирсэн. Бараг нэг жил орчим гэсэн үг л дээ. Аав маань аян замд гарахад ээж хөл хүндтэй байжээ. Аавыг ирэхэд хүүхэд нь төрсөн байсан. Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцаа, аав аян замаас эсэн мэнд эргэж ирснийг бэлгэдэж ахдаа Майдан /Фронт/ гэж нэр өгсөн байна. Манай аавтай хамт фронтод тусламжийн бараа хүргэж очсон хүмүүс бүгд бурхан болсон. Ганцхан С.Цэгмид гэдэг хүн амьд сэрүүн байгааг саяхан интернэтээс олж мэдээд баярлаж сууна.


Энэ жил Ялалтын 75 жилийн ой тохиож байна. Ойн баярыг угтаж аавынхаа хөдөлмөр гавьяаг алдаршуулах ажлуудыг хийж байна уу?

- Дэлхийн ІІ дайнд 25 сая иргэнээ алдсан Оросын ард түмэн аавыг минь мартаагүй. Саяхан төлөөллийн хүнээ явуулж “Ажилчин, тариачдын Улаан армийн 100 жилийн ойн медаль”, “Фронтовик 1941-1945” медалиар нэхэн шагнасан. Түүнчлэн ялалтын 75 жилийн ойг угтан Горно-Алтайск хотод байдаг “Ялалтын парк”-т дурсгалын самбар байгуулахаа илэрхийлсэн. Газрын зөвшөөрлийг нь авсан байна. Ойн баярын үйл ажиллагаанд оролцох албан ёсны урилга ирүүлсэн боловч харамсалтай нь хорио цээрийн улмаас очиж чадахгүй байна.

Мөн аймгийн ИТХ-ын шийдвэрээр 2018 онд аавын мэндэлсний 100 жилийн ойн баярыг угтан аймгийн Музейн өмнө цээж баримлыг нь байршуулсан. Өлгий сум байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд амьдарч байсан гудамжийг нь нэрэмжит болгосон. Казахстан Улсын Нур-Султан хотод байдаг Цэргийн музейд холбогдох үзмэрүүдээ тавьж булан нээхээр болж байгаа. Энэ жил нээлтийг нь хийх байсан юм.


Таны цуглуулга дотроос М.Хашхынбай гуайн Мао Зэдунтай уулзсан зургийг харлаа. Энэ талаар ярихгүй юу?

- 1958 онд Хятадын Коммунист намын VIII Их Хурал болсон байдаг.  Бээжинд болсон уг хуралд аав маань БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байхдаа манай улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж оролцсон байдаг. Тэнд Мао Зэдунтай уулзсан. Аав том биетэй хүн байсан л даа. Мао Зэдуныг “надаас ч том биетэй, том шүдтэй, байнга инээж явдаг, энгийн хүн байна” гэж дурсан ярьдаг байлаа.     

 - Ярилцлага өгсөнд баярлалаа! 

 

 

相关新闻