Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-21 13:32:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 39,7 хувиар өсжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд гепатит А, В, С өвчнөөр 38 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 12 тохиолдлоор нэмэгдсэн байна. Харин заг хүйтний 47 тохиолдол бүртгэгдэж 113 хувиар, трихомонозын 21 тохиолдол бүртгэгдэж 75 хувиар тус тус өсжээ. Тэмбүү өвчний тохиолдол 19 болж, 2-оор буурсан байна.

Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар гепатитын тохиолдол нэмэгдсэн нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ард иргэдэд үзлэг, шинжилгээ хийж, өвчнийг илрүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулсантай холбоотой аж.

Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өсөхөд аймгууд дунд хийж буй иргэдийн шилжих хөдөлгөөн, ард түмний уламжлалт зан заншлыг баримтлах явдал буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. Түүнчлэн 2019 оноос орон даяар 2 жилийн хугацаагаар хэрэгжиж буй “Тэмбүүг устгая” аяны хүрээнд хийсэн үзлэг, сургалт, сурталчилгааны үр дүнд иргэд өвчний шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт ханддаг болжээ. 

Гэхдээ бэлгийн замын халдвараар өвчлөгсдийн тоо аймгийн хэмжээнд өсөлттэй гарсан ч бусад аймагтай харьцуулахад хамгийн бага буюу 21 дүгээр байрт явж байгаа ажээ.  

相关新闻