О.Оюунболор: Иргэд эрх зүйн мэдлэг дутмагаас хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж чаддаггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-27 12:07:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дулааны улирал ирж, бүтээн байгуулах ажил эхэлж байгаатай холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хууль, дүрмийг сурталчлан таниулах зорилготой “Аюулгүй ажиллагаа - Амьдралын баталгаа” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.


Тус арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Оюунболороос тодрууллаа. Налайх дүүрэгт бичил уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж, хүний амь нас, эрүүл мэнд хохирох гэмт хэрэг түлхүү гардаг байна.


-ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Аюулгүй ажиллагаа, амьдралын баталгаа” арга хэмжээний зорилго юу вэ?


-Тус албанаас дулааны улиралд барилга байгууламж, бүтээн байгуулах ажил эхэлдэгтэй холбоотойгоор хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчин хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг багасгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны талаар хууль дүрмийг сурталчлан таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хоёр дахь жилдээ уг арга хэмжээг зохион байгуулж байна.


-Налайх дүүргийн онцлог юу вэ. Мэдээж бичил уул уурхайг дагасан үйлдвэрийн осол их гардаг байх?


-Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын  зүүн хэсэгт байрладаг, Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэдэг, 36 мянга 425 хүн амтай,  68.7 мянган га газар нутагтай, аялал жуулчлалын бүстэй, аж үйлдвэржсэн Улаанбаатар хотоос зайдуу дүүрэг юм. Дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд төмөрлөгийн, тэсрэх бодисын, цемент, тоосго, барилгын материал, шахмал түлш, махны чиглэлийн үйлдвэр олноор бий болсон. Мөн аж үйлдвэрийн парк байгуулж байна.


Мөн орон сууцны барилга, зам засварын ажил одоогийн байдлаар түлхүү байна. Иргэдийн амьжиргаагаа залгуулдаг гол эх үүсвэр нь нүүрсний бичил уурхай буюу улирлын чанартай.


-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс үүдэн гарсан гэмт хэргийн үзүүлэлтээс танилцуулбал?


-Налайх дүүрэгт 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар, 120 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс долоон хэргээр буюу 5.5 хувиар багассан үзүүлэлттэй. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 46 бүртгэгдэж нийт гэмт хэргийн 38 хувийг эзэлж байна. Хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд бүртгэсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэмт хэргийн судалгааг сүүлийн гурван жилээр гаргасан. Тодруулбал, 2017 онд 10, 2018 онд 8, 2019 онд 4, 2020 онд бүртгэгдээгүй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь бичил уурхай эрхлэхтэй холбоотойгоор уурхайд нүүрс олборлох үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа зөрчигдсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учрах гэмт хэрэг эзэлдэг.


-Та 2020 онд энэ төрлийн гэмт хэрэг огт гараагүй гэж хэллээ. Яаж ийм үр дүн гарав. Жил бүр Налайхын уурхайд олон хүний амь нас, эрүүл мэнд хохирдог шүү дээ?


-2020 онд бичил уурхай эрхлэх тусгай зөвшөөрөлгүй нүүрс олборлох асуудлыг зогсоох, Улаанбаатар хотын бүсэд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор зөвшөөрөлтэй цөөн тооны уурхай ажиллаж байна. Үүний үр дүнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа зөрчих нь эрс багассан.


-Арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс ямар ажил зохион байгуулж  байна вэ?


-Иргэд олон нийтэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, түүнийг зөрчсөнөөр хүний эрүүл мэндэд хохирол учрах гэмт хэргийн тухай ойлголт өгөх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд нэвтрүүлж байна. Мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын хэсгийн байцаагч нарыг хамруулан автоматжсан үйлдвэр, баригдаж байгаа барилгын судалгааг гаргасан. Тус дүүрэгт барилга угсралт засварын 11, тоосго үйлдвэрлэгч 6, төмөрлөгийн 3, тэсрэх бодисын 5, шахмал түлшний 2, нийт 39 аж ахуй нэгж ажиллаж байна. Тэдгээр аж ахуйн нэгжийг хянан шалгах ажлыг энэ сарын 15-наас эхлэн зохион байгуулж, мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн.


-Аливаа аж ахуйн нэгж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гэмт хэрэг үйлдэж буйгаа төдийлөн мэддэггүй. Иргэд ч өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах үүднээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлага тавих эрхтэй байх?


-Энэ төрлийн гэмт хэрэг гарах гол шалтгаан нь ажил олгогч нь хуульд заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангах үүргээ хэрэгжүүлдэггүй, ажилтан нь өөрийн аюулгүй ажиллагааг хангуулах талаар ажил олгогчид шаардлага тавих эрхээ эдлэхгүй байгаатай холбоотой. 


Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтанд аюулгүй байдлыг хангасан орчинд зааварчилгаа өгч, хувцас хэрэгслээр хангах шаардлагатай. Нөгөө талаар ажилтан аюулгүй ажиллагааны хувцас хэрэгслийг хэрэглэж, зөвлөмжийн дагуу ажилласнаар эрүүл мэнд амь насаараа хохирохгүй байх юм. Ихэнх тохиолдолд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж иргэд эрүүл мэнд амь насаараа хохирч, цаашлаад насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдаж байна. 


Иймд иргэддээ ажиллаж буй орчиндоо байнга аюулгүй байдлаа хангаж өөрийн эрүүл мэнд амь насаа ямагт нэгт тавьж байхыг сануулж байна.

相关新闻