Зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын энэ оны зургадугаар сарын 19-ний ээлжит бус 13 дугаар хуралдаанаар Иххэт, Сайхандулаан, Эрдэнэ, Даланжаргалан, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрийг хамарсан зургаан газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.
Үүнд Иххэт сумын Цэнгэлт мааньт, Сайхандулаан сумын Зангуут, Эрдэнэ сумын Хоёр зааны хөндий, Улаанбадрах сумын Шувуун шанд нэртэй газрыг түүх соёлын дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад, Эрдэнэ сумын Бор овооны тал, Даланжаргалан сумын Далантүрүүгийн рашаан нэртэй газрыг байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад тус тус авахаар тогтоол баталжээ.
Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авснаар түүх, соёлын үнэт зүйлсийг хамгаалаад зогсохгүй байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах ач холбогдолтой гэж албаныхан мэдээлэв.
Дорноговь аймгийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн
2.1 хувийг эзэлдэг бол хайгуулын тусгай зөвшөөрөл 6.9 хувийг эзэлдэг аж. Аймгийн
газар нутгийн 25 хувийг аймгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд аваад
байна.