"Шүүхийн шинэтгэл"-ийг шүүн тунгаасан ном гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-11 16:57:54

ШЕЗ-өөс эрхлэн "Шүүхийн шинэтгэл" эмхтгэлийн ном гарлаа. Энэхүү номыг ШЕЗ-ийн Хэвлэл мэдээллийн албыг санаачлан хөл дээр нь босгосон Монгол Улсын гавьяат хуульч, доктор Л.Бямбаа эмхэтгэж, ахлах ажилтан, сэтгүүлч Ш.Отгонцэцэг редакторлан, ажилтан Э.Золбоо эхийг нь бэлтгэсэн байна.

ШЕЗ-ийн дарга, доктор Н.Лүндэндорж өмнөтгөлдөө "...Шүүхийн эрх зүйг цогцоор бий болгоод шүүхийн шинэтгэл хэрэгжүүлж эхэлснээс хойш 3 жил боллоо. Шүүхийн тухай багц хууль амьдралд хэрэгжсэнээр монголын шүүх нээлттэй болж, олон нийтийн шүүхэд тавих хяналт сайжирч, шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшлэв. Иргэдийн маргааныг эвлэрүүлэн зуучлах тогтолцоо шинээр бүрдэв. 100 гаруй шинэ шүүгчээр хүний нөөцөө сэлбэж, шүүгчийн эдийн засгийн болон албаны бусад хараат байдлыг хангах дэвшилтэт олон ажлыг хийлээ. Шүүхийн шинэтгэлийн талаар янз бүрийн санаа бодол хөндсөн хүмүүсийн байр суурийг тусгахыг хичээлээ" гэж онцлон дурджээ. 

Энэ номыг бүхэлд нь авч үзэхэд юун түрүүн Шүүхийн шинэтгэлийг санаачлан эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, шүүхийн шинэтгэлийг зохион байгуулсан ШЕЗ-ийн хийсэн ажлын талаарх ярилцлага, илтгэл, өгүүллүүд, шүүхийн шинэтгэлийг гардан гүйцэтгэж байгаа хуульч, шүүгчийн хэлсэн үг, бичсэн тайлбар, шүүхийн шинэтгэлийг байнга дэмжин  ажиллаж байгаа "Мэргэшсэн сэтгүүлч"-дийн бүтээлээс шилэн сонгож оруулснаараа олон өнцгөөс шүүн тунгаах боломжийг олгосон чансаатай бүтээл болжээ. Шүүхийн шинэтгэлийн талаар үнэтэй санал бодлоо илэрхийлсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, МУИС-ийн ХЗС-ийн Төр захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор А.Эрдэнэцогт, Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор О.Мөнхсайхан, эдийн засагч Б.Лхагважав, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн тамгын хэлтсийн дарга А.Насандэлгэр, Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан, МУГЖ Г.Равдан, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээллийн төвийн судлаач, ахлах референт С.Билгүүн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, ШЕЗ-ийн гишүүн Ж.Эрдэнэчимэг нарын ярилцлага, өгүүллүүд мэргэжлийн мэдрэмжийг төрүүлнэ.

Харин ШЕЗ-ийн "Мэргэшсэн сэтгүүч"-дийн бүтээлээр нэгэн бүлэг амилуулсан нь Шүүх хэмээгч гурав дахь засаглалынхан Хэвлэл мэдээлэл гэгч дөрөв дэх засаглалынхантай гар сэтгэл нийлэн ажилласныг баттай харуулсан байна. Энэхүү бүлэгт манай сэтгүүлч Ж.Батсайханы дэвшүүлсэн санал бодол ч туссан байгааг харж болно. Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч Г.Улсболд, Л.Нарантөгс, Ц.Булганзаяа, Б.Энхцэцэг, Г.Цолмон,  Д.Нарантуяа, Г.Одонтуяа, Л.Үржинбадам нарын шүүхийн шинэтгэлд дуу хоолойгоо нийлүүлснийг "Шүүхийн шинэтгэл" номноос уншиж шүүн тунгаагаарай.

Ж.Батсайхан

相关新闻