Өмнөговь аймагт зуншлага тааруу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь
аймгийн нийт нутгаар зуншлага дунд
зэрэг байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Нийт бэлчээрийн 60 хувь нь дунд
зэрэг, 40 хувь нь тааруу байгаа юм. Энэ сард баруун болон төвийн бүсийн сумдаар
бага зэргийн бороо орсон бол ихэнх хугацаанд салхи шуурга ихтэй байлаа. Тал
газраа бэлчээр муудсанаас голчлон уул, хяр, гол говио бараадаж малчид малаа бэлчээрлүүлж
байна.
Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт
6108 малчин өрхөд 3,0 сая гаруй толгой мал зусаж байгаа юм. Бэлчээрийн гарц
муутай байгаагийн улмаас отор нүүдэл их байна. Одоогийн байдлаар Дундговь аймгийн 9 сумын 237
өрхийн 174,6 мянган толгой мал, Өвөрхангай аймгийн дөрвөн сумын 50 гаруй өрхийн
42,0 мянган
толгой мал,
Баянхонгор аймгийн гурван сумын 25 өрхийн 15,0 мянган толгой мал манай аймгийн
Номгон, Гурвантэс, Булган, Ханхонгор, Мандал-Овоо, Цогтцэций, Цогт-Овоо сумдад
оторлож байгаа урьдчилсан
мэдээлэлтэй байна. Бэлчээр сэргэсэн газраа бэлчээрийн даац хэтэрч,
худаг усны хүрэлцээ хангамж муутай, нутгийн малчдын эрх ашиг хөндөгдөж байгаа
аж. Малын бөөгнөрлөөр бэлчээр талхлагдан, эргэн сэргэх боломжгүй болсон, отроор
ирж өвөлжиж, хаваржсан малчид буцаагүй, нутаг сэлгэн, сум дамнан оторлож, нэмж
олон тооны мал бүхий өрх орж ирсээр байна хэмээн тус тус мэдээлэв.