Алба хаагчдыг тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газрын албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт болон сургалтад хамруулсан байна.
Энэхүү дархлаажуулалтад аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хамрагдсан аж. Мөн алба хаагчдад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар сургалт зохион байгуулжээ. Тарваган тахал өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халддаг Зоонозын халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготоно, чичүүл зэрэг мэрэгч өвчилдөг байна. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг гэнэ.
Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг байна. Манай орны 17 аймаг, 137 сум тарваган тахлын байгалын голомттой аж. Иргэд голомттой бүс нутгаас тарвага ангаж, зөөвөрлөж байгаа учраас голомтгүй газар байхгүй гэдгийг ЗӨСҮТ-өөс мэдээлсэн байна.
Дээрх үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор
батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗӨСТ-тэй хамтран зохион байгуулжээ.