Ц.Батсүх: Дулаан станцын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-17 18:45:10

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн төв суурингийн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ямар ажил зохион байгуулж байгаа талаар аймгийн Төв Чандмань Дулааны эрчим хүчний газрын дэд захирал, ерөнхий инженер Ц.Батсүхээс тодурууллаа.

-Төв Чандмань Дулааны эрчим хүчний газрын үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл хүргэвэл?

-Манай байгууллага есөн халаалтын хэсэгтэй. Таван гүний худагтай.  Ус суваг орон сууцны алба, Дулааны эрчим хүчний алба гэх хоёр том үйлдвэрлэлийн албатай байгууллага юм. Төв аймгийн хэмжээнд 40 орчим төсөвт байгууллага, 1700 аж ахуй нэгж , 2000 гаруй хэрэглэгчийг дулаанаар хангадаг. 27 сумын 16 нь төвлөрсөн халаалттай, 11 сум бие даасан бага оврын уурын зуухтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

-Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

-Дулааны станцын тухайд өвөлжилтийн бэлтгэлээ хангах зуны ажлын засварын хуваариа гаргаад хийж байна. Өнөөдрийн байдлаар халаалтын хэсгүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байгаа бол  Ус суваг орон сууцны бэлтгэл ажил 85 хувьтай явж байна. 

-Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангахад тулгамдсан асуудал байгаа юу?

-Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар аймгийн Засаг даргын шийдвэр гарч, ажлын хэсэг байгуулаад төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хөшигтийн хөндийн гүний худагт гэмтэл гарсныг түргэн засвраласан байгаа. Өөр тулгарч байгаа асуудал гараагүй байна. Тиймээс төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 10-нд дулааны эрчим хүчний халаалтын зуухны өвөлжилтийн бэлтгэл ажлыг дуусгаж есдүгээр сарын 15-наас халаалтаа өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Төв Чандмань Дулааны эрчим хүчний газраас Бүрэн сумын дулааны станцыг хариуцдаг. Тэгвэл тус станцын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ?

-Бүрэн сумын станц 2015 онд ашиглалтад орсон зуухтай болохоор хурдан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай байгууллагаас Бүрэн сумын халаалт, бохир, цэвэр усыг хариуцдаг. Өнөөдрийн байдлаар Бүрэн сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан бөгөөд галлахад бэлэн байдалтай байгаа.

  -Ярилцсанд баярлалаа

 

相关新闻