Хорих ангид хүмүүжигчдийн урласан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдолдуулан 405 дугаар хаалттай хорих анги, Монголын уран зургийн галерейтай хамтран хорих ангийн хүмүүжигч нарын урласан бүтээлээр “Миний мөрөөдлийн байшин” гар урлалын үзэсгэлэнг гаргажээ.
Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Энэхүү үзэсгэлэн олон хоригдолд итгэл найдвар бэлэглэж байна. Өөрөөсөө урган гарч байгаа сайн сайхан бүхнийг олон нийтэд үзмэр болгон дэлгэж байгаа нь сайшаалтай. “Би суллагдаж гарахаараа яг ийм байшинд амьдарна даа” гэж төсөөлж мөрөөдлөө бодит үйлдлээрээ үзүүлсэн нь илт байна. Энэ бол сэтгэл зүйн маш том засал болсон байх” хэмээв.
Тус үзэсгэлэнд эсгий, цаасан урлал, хатгамал, сийлбэр, уран дархан, наамлаар урласан 50 гаруй бүтээл дэлгэгдсэн байна.
ШШГЕГ-ын харьяа 405 дугаар хорих ангийн ахлах нийгмийн ажилтан хошууч П.Баярбаатар “Хоригдлуудын нийгэм сэтгэл зүйн талаас нь судлах, тэдэнд зориулсан сэтгэл заслын аргыг хэрэглэх зорилгоор “Миний мөрөөдлийн байшин” хөтөлбөрийг 45 хоногийн хугацаатай зохион байгуулсан. Хоригдлууд маань өөрийн хүсэл мөрөөдлийг цаас бүрт шингээн хийсэн урласан бүтээл үзэсгэлэнд тавигдсанд баяртай байна” хэмээлээ.
Монголын уран зургийн галерейгаас дуу хөгжим уран зургийг хослуулж, сэтгэл заслын бясалгалын сургалтыг хүмүүжигч нарт зориулан зохион явуулсан нь маш үр дүнтэй үйл ажиллагаа болсныг 405 дугаар хаалттай хорих ангийн хамт олон онцолсон юм.











