“Сайхны сарлаг” арга хэмжээ болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт жил бүр зохион байгуулдаг “Сайхны сарлаг” сарлагийн баярын арга хэмжээ энэ сарын 28-нд болно. Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус үйл ажиллагаа нь Говь гурван сайхан ууланд сарлаг үхрийг үржүүлэн өсгөх зорилготой юм.
Энэхүү баяр нь нутгийн иргэдэд тулгуурласан говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, уламжлалт нүүдэлчин малчин, соёл, зан заншилыг сэргээх, сарлаг өсгөн үржүүлэгч малчдаа дэмжих, урамшуулах, идэвх санаачилгыг нь өрнүүлэх зэрэг сайн талтай. “Сайхны сарлаг” сарлагийн баярын арга хэмжээг жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх долоо хоногийн “бямба” гарагт Говь гурвансайхан уулын Ёлын аманд зохион байгуулдаг юм.
Сарлаг бүхий 6 сумын сарлагчин өрхүүд болон тухайн баярт оролцож буй иргэдийн дунд сарлаг хэрхэн хөсөглөх, ноослох зэрэг сарлагтай холбоотой зан үйлээр буухиа тэмцээнийг зохион байгуулдаг. Мөн сарлаг уралдуулдаг уламжлалтай. Жилийн бүрийн тус арга хэмжээний үеэр сарлаг үхрийг өсгөн үржүүлэхэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг юм. Сарлаг бүхий сум бүрээс баярт оролцож байгаа хүмүүсийн дунд сумдын нэрийн тэмцээнийг ч зохион байгуулан урамшуулдаг болжээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн