Тариаланчдад 13 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-18 16:56:21

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас  1183 аж ахуйн нэгжид нийт 13 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэг үзүүлжээ.

Хаврын тариалалтад дутагдах 11972 тонн үрийн буудайг ТЭДС-ийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Угтаал, Хархорин салбарын агуулахуудад нөөцөлснөөс өнөөдрийн байдлаар 250 аж ахуйн нэгжид нийт 8.4 тонн үр олгоод байна. Дотоодын нөөцөөс гаргаж буй үрийн буудай нэг тонн нь 800 000 төгрөг, импортын буудай нь 815 000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд тариаланчид нийт үнийн 30 хувийг урьдчилан төлж, үлдсэн 70 хувийг намрын ургацаас төлөх юм. Энэ хаврын тариалалтад зориулан 6292 тонн үрийн буудайг 2015 оны намрын ургацаас нөөцөлжээ. Харин тариалалтад дутагдах 5500 тонн үрийн буудайг ОХУ-аас импортолсон бөгөөд энэхүү үр нь манай тариаланчдын тариалдаг Алтайская-530 сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр юм. 

Тариалалтад шаардагдах дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатайгаар га-д 10 литрээр тооцож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас төлөх нөхцөлтэйгөөр НИК болон Магнай трейд ХХК-ны агуулахаас бөөний үнээр болон орон нутгийн шатахуун түгээх станцуудаар жижиглэнгийн үнээр олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар 377 аж ахуйн нэгж, иргэнд 1732 тонн түлшийг олгоод байна.

Өнөөдрийн байдлаар 365 аж ахуйн нэгж, иргэнд 7.6 мянган кг нийт 3 тэрбум орчим төгрөгийн бордоог улаанбуудай тариалах иргэн, аж ахуйн нэгжүүд 75 хувийн урьдчилгаатайгаар үлдэгдэл 25 хувийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцлөөр олгожээ.

 Б.Заяа

相关新闻