П.Оюунчимэг: Ховд аймаг дахь хохирогч хамгааллын байр шаардлага хангахгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын ажлын баг Ховд аймагт энэ сарын 5-20-нд ажиллаж, тус аймагт баригдсан гэрч хохирогчийг хамгаалах байртай танилцлаа.
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэг “Ховд аймагт баригдсан гэрч, хохирогчийг хамгаалах байр стандартын шаардлага хангахгүй байна. ХНХЯ-аас 2019 онд тус байрыг барих тендер зарласан. Тендерт шалгарч, хариуцсан компани хамгаалах байрыг зориулалтын бус зураг төслөөр барьсан байна.
Иймд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамгаалах байрны дотоод заслыг хохирогчийг түр хамгаалан байрлуулах, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6040:2019 стандарттай дүйцүүлэн засаж, шинэчлэхээ хэлсэн. Гэхдээ энэ ажил нэмэлт зардал бий болгож байна. Манай байгууллага дахин шалгалт хийнэ” хэмээв.
ХЭҮК-оос тус аймагт ажиллах үеэр илэрсэн хүний эрхийн зөрчлийг шийдүүлэх зөвлөмж, шаардлагыг холбогдох албаны хүмүүст хүргүүлэхээ нутгийн удирдлагуудад мэдэгджээ.