Тодорхой нэг салбарыг дэмжиж хөгжүүлэх нь алсдаа үр дүнтэй гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-05-24 16:16:20

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтраад Сэлэнгэ аймагт “Орон нутгийн цогц хөгжил түншлэл”  хөтөлбөрийг хэрэгжүүлээд жил гаруй хугацаа болж байна.

Энэ хугацаанд нэлээд олон сургалтуудыг тодорхой зорилго чиглэлтэйгээр зохион байгуулжээ. Сургалтын үндсэн зорилго нь уул уурхайн салбарыг зөв зохистой, нийгмийн хариуцлагатай хөгжүүлэхэд талуудын оролцоо ямар байхыг ойлгуулахад оршиж байгаа аж. Энэ жилийн сургалтаараа талуудыг илүү их холбож өгөх, илтгэлцлийг бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүн дээрээ түшиглээд тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зорилгоо чиглүүлсэн байна. Энэ утгаараа Сэлэнгэ аймагт “Сэлэнгийн дүрэмт хувцас” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Тус хөтөлбөрийн дэд захирал О.Батболд:”Сэлэнгэчүүд маань хамтраад ерөнхийдөө аймгийнхаа оёдлын салбарыг дэмжье гэсэн санааг гаргасан. Иймээс төслийн зүгээс 5 саяын гарааны санхүүжилт хийгээд байна. Сэлэнгэ аймгийн тухайд оёдлын салбарт маш их боломж харагдсан. Эдгээр оёдлын үйлдвэрүүд нэгдэж оёдлын холбоотой боллоо. Энэ холбооныхоо үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс эл төслийг эхэлж байгаа юм. Төслийн эхний үйл ажиллагаагаар оёдлын салбарынхан өөрсдөө ажилтнаа сургана. Ингээд сургаад мэдээлэлжүүлээд хамтарч ажиллах болно. Үүнийхээ дараагаар эхний ээлжинд 2-3 үйлдвэр нийлээд Сэлэнгэ аймгийн амьжиргааны доод түвшний орлоготой айлуудын хүүхдүүдэд сургуулийнх нь дүрэмт хувцсыг оёж, үнэгүй бэлэглэх ажлыг эхлүүлэх юм. Цаашдаа Сэлэнгэ аймгийнхаа сургуулийн хувцсыг өөрсдөө хангадаг больё. Хотоос биш, Хятадаас биш, аймаг өөрсдөө хангадаг больё гэсэн зорилго тавьж байгаа. Манай төслийн үндсэн зорилго бол уул уурхайн салбар шүү дээ. Иймээс уул уурхайн салбарын ажлын хувцасны ханган нийлүүлэлтийг Сэлэнгэ аймгийн оёдлын үйлдвэрүүд өөрсдөө хийдэг больё гэсэн маш том зорилгыг агуулсан төсөл энд хэрэгжиж эхэллээ” хэмээн ярилаа.

Ингэж орон нутгийнхаа нэг тодорхой салбарыг дэмжсэнээр ажлын байр бий, хүмүүс цалинтай байх, тогтмол борлуулах гэсэн давуу талууд бий болж байгаа юм.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻