Хөдөлмөрийн насны иргэд тархины цус харвалт өвчнөөр өвчлөх нь нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг дэлхий нийтээрээ “Тархины цус харвалттай
тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн
эмч нар “Мөнхийн Гэгээ” Өрхийн эрүүл мэндийн төвд үзлэг, шинжилгээ хийжээ. Тус
тасагт жилд дунджаар 900 гаруй хүн
хэвтэн эмчлүүлдэг бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 192 хүн тархинд
цус харвах өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн байна.
Эмчлүүлэгсдийн 80-90 хувь нь
даралт ихсэх өвчний шалтгаантай тархинд цус харвалт өгсөн аж.
Өвчтнүүдийн дийлэнх нь 45-60 насны буюу ид хөдөлмөрлөх
насан дээрээ цус харваж
улмаар тахир дутуу болох, амьдралын чанар буурч байна гэж Мэдрэлийн тасгийн эрхлэгч Д.Даваасүрэн хэллээ.
Тархинд цус харвахад нөлөөлөх эрсдэлт хэд хэдэн зүйл байдаг. Тухайлбал, артерын даралт ихсэх,
чихрийн шижин, таргалалт, биеийн
жин хэт их байх, стресс,
архи тамхины буруу хэрэглээ зэргээс хамаарч байгаа аж. Мөн тархины судасны
эмгэгийн шалтгаанаар 18 настай хүүхдэд харвалт өгсөн тохиолдол гарчээ.