Худгийн усны савуудыг шинэчлэн сольж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-05-25 15:27:11

Булган аймгийн Булган сумын ус түгээх худгуудын усны савыг шинэчлэн сольж байна. 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын уг савуудыг 5,9,12,13,14 - р ус түгээх худгуудад суурилуулж эхэллээ.

Өмнө нь ашиглаж байсан савнууд нь зориулалтын бус төмрөн сав тул зэврэх, бохирдох нь амархан, олон жилийн насжилттай учраас цоорч муудсан, цэвэрлэхэд бэрхшээлтэй зэрэг хүндрэлтэй асуудлууд их гардаг байсан. Тэгвэл шинээр суурилуулж байгаа савны их бие, таг нь  олон улсын стандартын болон хоруу чанарын гэрчилгээтэй, өндөр нягттай, полиэтилен хүнсний зориулалтын хуванцраар хийгдсэн, усанд элдэв амт үнэр шингэхгүй давуу талуудтай юм байна. Булган сумын хэмжээнд 14 ус түгээх цэг байдгаас 3 нь төвлөрсөн шугаманд холбогдсон, 1 нь гүний худаг байдаг бөгөөд бусад 10 худгийн  ус хадгалах савыг эхний удаад солихоор ажилдаа ороод байна. Ингэснээр Булган сумын ус түгээдэг бүх усан сан зориулалтын ус нөөцлөх савтай болох юм. Нэг худгийн ус хадгалах сав 4,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийгдэж байна. Цаашид бүх худгийн усны савыг солино.

Энэхүү ажил 2016 оны 5 сарын 25-28-ы өдрүүдэд хийгдэх тул дээрх худгаас усаа авдаг айлуудыг энэ өдрүүдийн усаа нөөцөлж авахыг "Булган мээж" ОНӨмчит ХХК - аас мэдээллээ.

                                                                                                                                     П.Батням

相关新闻