Улсын онцгой комиссын ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт үүссэн нөхцөл
байдалтай холбогдуулан Улсын Онцгой комиссоос Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ
аймагт ажиллаж байна. Тус ажлын баг мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, тандалт
судалгааг хамтран хийхээр ажиллаж байгаа юм.
Ажлын багийн ахлагч Г.Сайханбаяр: ”Энэ сарын 12-ны өдрийн оройн Улсын Онцгой комиссын хурлын шийдвэрээр, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ажлын баг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна. Ажлын багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, МХЕГ, ОБЕГ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн ирсэн байгаа. Сэлэнгэ аймагт өнөөдөр халдварт цар тахал илэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Ажлын багийн үндсэн гол зорилго бол Улсын Онцгой комисс болон аймгуудын Онцгой комиссын ажлын хоорондын уялдаа холбоог газар дээр нь хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх. Мөн түүнчлэн халдварт цар тахлын эх үүсвэрийн судалгааг маш нарийн гаргах. Хаанаас халдвар авав, тархац, хавьтагч, эдгээр хүмүүсийн зураглалыг маш нарийн гаргах. Үүнээс үндэслээд халдварын тархалтыг зогсоох зорилгоор ирсэн. Дээр нь аймаг орон нутаг өөрөө аймгийнхаа нөхцөлд шаардлагатай шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал яг одоо энэ цаг дор бид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод ажиллаж байна. Энд бүрэн хатуу хорионы дэглэмд шилжсэн. Тээврийн хэрэгсэл болоод хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байна. Зайлшгүй шаардлагатай нийгмийн чиглэлийн үйлдэл, үйл ажиллагааг явуулахаас өөр арга байхгүй. Энд хүнс тэжээлээ авах, эмнэлгээр үйлчлүүлэх, нийгмийн үйлчилгээ авах хүмүүсийн хөдөлгөөнийг дэглэм журмын хүрээнд зохион байгуулж байна. Бусад үйл хөдөлгөөнийг зогсоогоод байна. Хамгийн гол асуудал бол Сэлэнгэ аймагт гарсан халдвар нь ямар эх үүсвэрээс, хаанаас халдвар авсан бэ гэдэг нь хамгийн ноцтой асуудал байгаа. Энэ чиглэлд ХӨСҮТ-ийн мэргэжлийн халдвар судлаачид, тархвар судлаачид ирсэн ажиллаж байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяагаар ахлуулаад аймгийн
ЭМГ, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтраад ажиллаж байна. Уулзсан хавьтагч болгоныг цаг хугацаа, үйлчлэл,
мөчлөг схемээр нь гаргаж байна. Үүнийхээ дагуу шаардлагатай арга хэмжээнүүдийг
авна. Дараагийн нэг ажлын багийн том ажил бол Алтанбулаг боомтоор нэвтрэн орж,
гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байгаа байдал дээр
мэргэжлийн үүднээс хяналт тавина. Шаардлагатай бол газар дээр нь зохих
шийдвэрүүдийг гаргана. Сэлэнгэ аймгийн хувьд Онцгой комиссоос байгаа нөөц
бололцоогоо дайчлан бүхий л боломжоороо ажиллаж байна” гэлээ.