Эрх мэдлээ ашиглан тендерийг будлиантуулдаг нь ядуурал ажилгүйдэлд нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2016-05-26 16:26:55

Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо /МБДХ/-ноос төрийн зохих шатны түшмэдүүд ашиг сонирхлын зөрчлийн улмаас импортын барааг сонгож, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байгаа талаар мэдээлэл хийв.

Аж үйлдвэрийн яам 2016 оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлаж төрөөс хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлж байгаа гэх ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хөсөрдүүлж, харин гадаадын үйлдвэрлэгчдийг дэмжсэн Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль нь өнөөдөр Монголд ажилгүйдэл, ядуурлыг жил ирэх тусам нэмэгдүүлж байгаа хэмээн хурал зохион байгуулагчид онцолж байв.

Тус хуралд Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Дорлиг, Гэр групп ХХК-ийн ерөнхий захирал Л.Гантөмөр, “Чиглэл” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Бумцэнд, Төмөрлөг, машин үйлдвэрлэл, инженерингийн ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан тэргүүтэй Баялаг бүтээгчдийн холбооны гишүүд оролцлоо. Тэд тус бүрдээ тодорхой баримтууд дэлгэсэн юм.

Тухайлбал, “Чиглэл” компани нь 2012 оноос эхлэн БСШУЯ-наас зарласан худалдан авах ажиллагаанд /сургууль, дотуур байр, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж/ жил бүр оролцдог боловч шалгуур үзүүлэлт хангаагүй гэсэн шалтгаанаар хасагдаж оронд нь мэргэжлийн бус, өөрийн гэсэн үйлдвэр, засвар угсралтын газар байхгүй “Сарны титэм” ХХК болон “Мянган өндөр цахиур” ХХК гэсэн компаниуд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Төрийн нарийн бичгий дарга Ш.Булга-Эрдэнэ нар шалгаруулдаг уламжлал тогтлоо. “Чиглэл” ХХК нь Чингис бондын хөнгөлөлттэй зээлд хамран өөрийн үйлдвэрийн барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулан, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулан 2015 онд үйлдвэрээ нээсэн. Тус үйлдвэрт 1 дүгээр  хоолны тогоо /100 л/, шарах шүүгээтэй 4 ширэмтэй цахилгаан зуух, нэржэн хоол бэлтгэлийн ширээгээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай юм.

Дараагийн жишээг дурдахад, Ой мод үйлдвэрлэгчдийн холбоо нь сүүлийн 8 жилд БСШУЯ-ны зарласан сурагчийн ширээ, сандлын тендерийн ажлыг үндэсний үйлдвэрлэлээр хийлгэхээр хөөцөлдсөн ч 4 жилд “Батмон” болон “Анун” ХХК л авдаг болжээ. Тэд өмнөд хөршөөс 1-2 жилийн настай чанаргүй ширээ, сандал оруулж ирдэг нь гайхалтай гэв.

Хурал зохион байгуулагчид энэ мэтээр олон баримт жишээг дурдсан юм. Тэд төрийн түшээд ийнхүү эрх мэдлээ ашиглан хувийн ашиг сонирхлыг улс орны эрх ашгаас дээгүүр тавьж байгаа нь иргэдээ ажилгүй, ядуу тарчиг болгож байна. Иймд тендерийн хуулийг даруй шинэчлэх, улс орны хөгжлийг хойш татаж байгаа эрх ашгийн зөрчилтэй төрийн дээд, дунд шатны түшмэдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн цаашдаа ч Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ.

 

Д.Өлзий

相关新闻