Мал тооллогыг энэ сарын 15-25-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-17 13:24:55

Төв /МОНЦАМЭ/. 2020 оны жилийн эцсийн мал тооллогыг энэ сарын 15-25-нд өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан зохион байгуулахаар боллоо.

Жил бүрийн 12 дугаар сард Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Үүний дагуу 2020 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын бэлтгэл ажлын хүрээнд 27 сумын Засаг дарга, багийн Засаг дарга, статистик хариуцсан ажилтан, ХХААГ-ын Мал үржлийн алба зэрэг холбогдох ажилтнуудтай аймгийн Статистикийн хэлтсээс цахим хурал хийж үүрэг чиглэл өгөв.  

Хурлыг аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Магнайбаяр нээж, Статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулуун, хэлтсийн мэргэжилтнүүд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга М.Дашдулам энэ жилийн тооллогын нөхцөл байдал, онцлог, баримтлах үзэл баримтлал, бусад жилийн эцсийн мэдээ гаргалтаар мэдээлэл хийв. Үүнд Төв аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон зарим газар өвөлжилт хүндэрч болзошгүй бөгөөд отор нүүдэл ихтэй зэрэг бэрхшээл байгаа тул бэлтгэл ажил сайтар хангах нь чухал байгааг албаныхан онцолж байв. Үүнтэй холбоотойгоор малтай өрх, ААНБ бүр мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогод идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Төв аймгийн мал сүргийн тоо 2019 оны жилийн эцсээр 4900 мянган толгойд хүрсэн байдаг. Энэ нь 2018 оныхоос 386.4 мянгаар буюу 7.8 хувиар өсжээ. Тус аймгийн хэмжээнд малын тоогоор Баруун бүсийн мал 2018 оныхоос 196.0 мянгаар буюу 10.2 хувиар, Хойд бүсийн мал 84.9 мянгаар буюу 15.8 хувиар, Төвийн бүсийн мал 62.1 мянгаар буюу 5.2 хувиар, Зүүн бүсийн мал 53.8 мянгаар буюу 5.8 хувиар тус бүр өссөн байна. Ийнхүү 2019 онд нийт мал болон адуу, хонины тоогоор Эрдэнэсант сум тэргүүлсэн бол тэмээ болон ямааны тоогоор Баян-Өнжүүл сум, үхрийн тоогоор  Батсүмбэр сум шалгарч байсан билээ. 

相关新闻