Дохагийн дэвжээнд өнөөдөр хүч үзсэн бөхчүүд медальгүй хоцорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-12 20:13:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катар улсын Доха хотноо жүдо бөхийн Мастерс тэмцээний 2 дахь өдрийн барилдаанд Монголоос 5 жүдоч барилдсан ч медаль хүртэх боломжгүй боллоо.


Эрэгтэйчүүдийн 81 кг жинд ОУХМ О.Ууганбаатар Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг өчиж, цэвэр ялж, улмаар олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хос хүрэл медальтан Канадын Антуан Валуа-Фортьег ердөө 30 секундэд боож, цэвэр ялсан юм. Эхний хоёр барилдаанаа цэвэр ялалтаар дуусгасан манай жүдоч О.Ууганбаатар, Узбекистаны Шарофиддин Болтабоевт 3 шидогоор ялагдлаа. Тэрбээр баруун мөрөндөө гэмтэл авсан байж магадгүй байна.


Өнөөдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдааны шилдгүүд тодрох бөгөөд 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Сайед Моллай, О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-д  Б.Ганхайч нар барилдсан юм.


ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт Их Дуулга, Гран При тэмцээний тус бүр нэг алтан медальтай ОХУ-ын Дарья Давыдовад ялагдсан бол ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт Германы Anthony Zingg-ийр давсан ч дараагийн тойрогт Армийн дэлхийн аварга, Узбекистаны Тураевт ялагдав.


Харин Г.Одбаяр эхний тойрогт 2015 оны Африкийн наадмын аварга, Египетийн Mohamed Mohyeldin-ийг ялсан ч А хэсгийг тэргүүлэгч Японы бөх, Дэлхий, тивийн аварга Соичи Хашимотод ялагдлаа.


Хамгийн өндөр найдвар тавьж байсан Иран бөх Сайед Моллай хоёр гүрж бөхтэй дараалан барилдав. Монгол Улсын иргэншил авсан Сайед Гүржийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын наадмын хүрэл медальт Лука Майсурадзег эхний даваанд цэвэр ялсан. Харин дараагийн тойрогт Австрийн иргэншил авсан Гүрж бөх Шамил Боршашвилид ялагдан үзэгчийн суудалд шилжсэнээр энэ өдөр Монголын баг медаль авах боломжгүй боллоо.

相关新闻