“Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-21 17:21:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Академич, эрдэмтдийн баг “Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” номыг туурвин хэвлүүлснээ ШУА-ийн тэргүүлэгчдэд өнөөдөр гардуулж өглөө. 

Гадаад улс орнууд эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь зохион хэвлүүлж, нийтийн хүртээл болгон уншигч олон түмэндээ эдийн засгийн онол, арга зүйн цэгцтэй мэдээлэл өгдөг. Энэ жишгээр "Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” бичигт Монгол улсын үндэсний эдийн засгийн хөгжлийн түүх, онцлогтой холбоотой гол нэр томъёо, үндсэн ойлголтуудыг оруулжээ. 

Улс орон бүрийн эдийн засгийн агуулга, бүтэц сэтгэлгээ өөр өөр байдгаас гадаадын эдийн засгийн тайлбар толийг орчуулж хэрэглэхэд төвөгтэй. Тиймээс   өөрийн орны онцлогийг тусгасан тайлбар толь бичгийг эдийн засагч эрдэмтэд боловсруулж гаргаж байгаагаараа энэ толь  ач холбогдол болжээ. 

ШУА-ийн захиалгаар хэвлэсэн уг тайлбар толийг академич Т.Доржоор ахлуулсан  эрдэмтдийн баг  бичиж гүйцэтгэсэн  бөгөөд тус багт  академич, эдийн засгийн шинжлэх ухааны доктор А.Бакей, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишиг, А.Даваасүрэн нарын эрдэмтэд ажиллажээ.


"Эдийн засгийн шинжлэх ухааны хүрээд мөнгө, санхүү, төсөв, татвар, гааль, гадаад худалдаа, зээл тусламж, хөрөнгө оруулалт, өмч хөрөнгө, үнэ тариф, хөрөнгийн зах зээл, нягтлан бодох бүртгэл, менежмент, маркетинг зэрэг эдийн засгийн салбар шинжлэх ухааныг системтэй ойлгоход тус толь бичиг чухал ач холбогдолтой”-г ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл онцоллоо.  Монгол улсад зах зээлийн эдийн засагтай холбогдолтой сурах бичиг, тайлбар толь, гарын авлага цөөнгүй гарч байгаа боловч орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны талаар нэгдсэн цэгцтэй, ойлголт хараахан бүрэлдэж чадаагүй л байна. Энэ ном нь их, дээд сургуулийн оюутан, багш, магистр, доктрант, эрдэм шинжилгээний ажилтан, төр засгийн болон сэтгүүл зүйн салбарт ажиллагч, бизнес эрхлэгч болон эдийн засгийн мэдлэгтэй болохыг хүсэгч хэн бүхэнд зориулсныг тэрээр тодотголоо.


相关新闻