Олон улсын хүүхдийн спортын X наадмын Ажлын хэсэг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-05 10:20:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2009 оноос хөрш БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улстай хамтран хүүхэд залуусын дунд Олон улсын хүүхдийн спортын наадмыг зохион байгуулж эхэлсэн билээ.


Аравдугаар наадмыг Улаанбаатар хотноо 2021 онд зохион байгуулахаар товлосон боловч дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын улмаас 2022 оныг хүртэл хойшлоод байна.


Үүнтэй холбогдуулан Олон улсын хүүхдийн спортын X  наадмыг зохион байгуулах Ажлын хэсгийн цахим уулзалт пүрэв гарагт болов.


Уулзалтад БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баттулга, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын хорооны Дасгал сургуулилтын газрын дарга Цай Шиао, Залуучуудын хэлтсийн дарга Ши Шиаопин, Холбооны Буриадын парламентын гишүүдийн хорооны дарга Дашибальжирова, Спортын яамны газрын дарга Алексей Федерович, яамны ахлах мэргэжилтэн Илья, мэргэжилтэн Саяана нар оролцов.



Хүүхдийн спортын наадмын төрлийг нэмэгдүүлж байт харваа, бокс, волейбол, жүдо, теннис, чөлөөт бөх, ширээний теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн атлетик, шатар нийт 11 төрлөөр зохион байгуулах төслийг уг уулзалтаар танилцуулан хэлэлцсэн юм.

相关新闻