Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр анхны гавьяат дасгалжуулагч төрөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулгад Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олон улсад амжилт гаргахад С.Тулгын гүйцэтгэсэн үүрэг их юм. Тэрээр багаасаа дасгалжуулагч Дэмбэрэлийн шавь болж сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, улмаар 1998 онд 17 настайдаа Улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болон 2002 оны Улсын Залуучуудын АШТ-ий алтан медаль тус тус хүртэж, МУИС-ийн шигшээ багт тоглож байв.
Улмаар 2005 онд “Лидер” багт тоглож, Лигийн аварга болжээ. Тэрбээр 2004 онд “TLG-13” Төрийн бус байгууллагыг байгуулан, тамирчдаа багаас нь бэлтгэн хичээллүүлж, “Спрайт” лигийг зохион байгуулан үндэсний сагсан бөмбөгийн хөгжлийн түүхэнд бичигдэх амжилтыг гаргаж чадсан гэж спортынхон үнэлдэг.
Өнөөдөр Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ баг Токиогийн олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчихаад байгаа бол эрэгтэй багийн хувьд энэ хүндтэй эрхийг авах боломж нээлттэй байгаа нь С.Тулга багшийн зорьсон, хэрэгжүүлсэн ажлын үр дүн гэж болно.
Ийнхүү багийн спортоор дэлхийд
танигдах амжилтыг үзүүлээд байгаа 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчдын амжилтыг
үнэлж, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр анхны гавьяат дасгалжуулагч төрж байна.
Ташрамд дуулгахад, Монголын сагсан бөмбөгчдийн хувьд С.Тулга 3 дахь /Ц.Цэвэрбал, Б.Дамба/ гавьяат
дасгалжуулагч болж байна.