МҮОХ-ны удирдлагууд МБХ-ны ерөнхийлөгч Т.Мөнхбаярыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын боксын холбооны 14 дэх ерөнхийлөгч Төмөрийн Мөнхбаярыг лхагва гарагт хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ.
Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2013-2016 онд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар уулзалтын үеэр “Токио-2020” олимпын наадмын бэлтгэл ажил болон баг, тамирчдаа олимпын наадамд амжилттай оролцоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Манай
боксын шигшээ багийн тамирчдын хувьд “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”
олимпын наадмуудад дараалан Монгол Улсын төрийн далбаагаа мандуулаад байгаа юм.