М.Уранцэцэг Тбилисийн Их дуулгад түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүржийн нийслэл Тбилиси хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн Их дуулга /Гранд Слам/-д хүчээ сорьсон Мөнхбатын Уранцэцэг 48 кг-ын жинд түрүүллээ.
Энэ удаагийн тэмцээнд 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211, нийт 464 жүдоч оролцохоор Тбилиси хотод ирсэн юм. Ийнхүү тус тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт М.Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг гүйцэж 3 дугаар байрт дэвшив.
Тэрбээр жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөөд 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн София Петиттог 1:30 минутад цэвэр ялж шилдэг наймд шалгарчээ. Улмаар А хэсгийн аваргын төлөө Европын АШТ-ий хүрэл медальт Румыний Моника Унгуреануг 2:58 минутад өчих мэхээр ялсан бол хагас шигшээд дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог Дэлхийн Мастерсын тэмцээний хүрэл медальт Словений Маруса Стангарыг 2:50 минутад цэвэр ялсан.
Харин аваргын төлөө Европын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Франческа Миланиг даралтад оруулж, давхар боох мэх хийж цэвэр яллаа. Хоёр “Их дуулга”-д түрүүлж, олимп болон дэлхийн чансаагаар Косовогийн Дистрия Красники, Украины Дария Белодид нарын ард бичигдэх боллоо.
Мөн эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Мастерсын аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртэв. Г.Хэрлэн тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж, С хэсгийг тэргүүлэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрын даваандаа Их Британы Майкл Фрайер, 3 дугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялжээ.
Харин хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий гурван мөнгө медальтай ОХУ-ын Михайл Пульяевыг нэмэлт цагт вазаригаар ялсан ч хагас шигшээд Узбекистаны Сардор Нурилаевт торгуулиар ялагдлаа.
Ингээд хүрэл медалийн төлөө Европын наадмын хүрэл медальт Гүржийн
Баграти Ниниашвилиг иппон үнэлгээгээр буулган авсан байна. Ийнхүү ОУХМ Г.Хэрлэн чансаагаа
500 оноогоор ахиулж 4 дүгээр байрт дэвшив.