Растислав Бозик: Маргаашийн тоглолтод бид бэлэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбооноос өмнө нь мэдээлж байснаар, ДАШТ болон Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтын бүхий л үйл ажиллагаа цахимаар явагдаж байна.
Тус журмын дагуу Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик болон багийн ахлагч Н.Цэдэнбал нар өнөөдөр цахим хэвлэлийн хуралд оролцлоо.
Энэхүү хурлаар Растислав
Бозик: “Энэ тоглолтыг хуваарийн дагуу Монгол Улсад зохион байгуулах байсан ч цар
тахлын нөхцөл байдлын улмаас Японд болж байна. Талбайн давуу тал гэж байхгүй.
Гэхдээ үүнийг шалтаг гэж битгий ойлгоорой. Бид маргаашийн тоглолтод бэлэн. Бид
Японы шигшээ багийн эсрэг маш олон зорилго тавьсан. Тиймээс Японы шигшээ багийн
тоглогч болон тоглолтод ач холбогдол өгөлгүйгээр, өөрсдийн тоглолтод илүү
төвлөрч анхаарах болно.
Бид энд ирсэн мөчөөсөө
эхлэн Япон улсын Засгийн газраас гаргасан дүрэм, журмыг мөрдөж байгаа. Яг энэ
үед бол коронавирусний эсрэг яавал сайн, яавал муу вэ? гэдгийг 100 хувь мэдэх
хүн байхгүй. Нөхцөл байдал ийм л байна. Япон хүмүүс бол маш хариуцлагатай,
жижиг зүйлийг ч нарийн хийдэг. Заримдаа энэ нь надад төвөгтэй мэт байгаа ч, энэ
нөхцөл байдалд дүрэм журмыг хүндэлж байна.
Тоглогчийн сонголтын хувьд мэдээж хүнд байсан удаан хугацаанд тоглогчид маань олон улсын болон дотоодын тоглолт хийгээгүй. Өнгөрсөн оны лигийн төгсгөлд сонгосон тоглогчдоо гол цөм болгосон. Төдийгөөс өдий хүртэл энэ тоглогчид тасралтгүй бидэнтэй бэлтгэл хийсэн. Цар тахлын үед бэлтгэл хийнэ гэдэг тун хэцүү хүнд үе бидэнд байсан. Гэхдээ даваад гарсан. Одоо харин тоглох л үлдлээ” гэв.
Багийн ахлагч Н.Цэдэнбал: “Талбай
дээрээ хийх байсан тоглолт маань Япон улсад болох болсонд харамсаж байгаа.
Монголын олон мянган фанатууд, дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь харж, Монголын
шигшээгээ дэмжихийг маш их хүсэж байсан. Харамсалтай нь цар тахлын улмаас нөхцөл
байдал ийм боллоо.
Тамирчдын хувьд удаан хугацаанд тоглолт хийгээгүй, цар тахлын хорио цээрийн үеэр дасгалжуулагчийн багаас өгсөн дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж бэлтгэл хангасан. Турк улсад 21 хоног бэлтгэл хийсэн. Бид ирэх тоглолтод 100 хувь бэлэн. Япон улсаас тавьж байгаа цар тахлын дүрмүүдийн хувьд гэвэл биднийг энэ аюулт цар тахлаас хамгаалж байгаад баярлалаа гэж хэлмээр байна” гэж ярьсан байна.