“Ази Фарм” ХХК-ийн хамт олон “Атлетик 220” клубыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-31 14:33:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ази Фарм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхсайхан “Атлетик 220” клубын Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбат нар хамтран ажиллах гэрээнд мягмар гарагт гарын үсэг зурлаа.


“Ази Фарм” ХХК-иас хамтын ажиллагааны хүрээнд тамирчдын дархлааг дэмжих зорилгоор шаардлагатай амин дэм, эрдэс болон амин хүчлүүдийг агуулсан витаминаар хангах юм. Мөн тамирчдыг бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Английн “KEDLEY” брэндийн өвдөг, шагай, булчин, нуруу хамгаалалтаар хангах аж. Мөн тамирчдын нөхөн сэргээлтэд шаардлагатай Герман улсын “BEURER” брэндийн шарлагын аппарат, амин үзүүлэлт үзэх аппарат, яаралтай тусламжийн үед шаардлагатай хэрэглэл, хэрэгслүүдээр хангах болжээ.


“Атлетик 220” клуб 2020 онд Үндэсний дээд лигийн аварга болсноор Монгол Улсаа төлөөлөн Азийн хөлбөмбөгийн холбооны клубүүдын аварга шалгаруулах “AFC Cup” тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ. “Атлетик 220” клуб “AFC Cup” тэмцээний хэсгийн шатанд Хонконгийн лигийн дэд аварга “Eastern Long Lions FC”, Хонконгийн лигийн хүрэл медальт “Lee Man FC”, Тайванийн лигийн дэд аварга “Tainan City FC” клубтэй тус тус өрсөлдөнө.


Ташрамд дуулгахад, “Ази Фарм” ХХК 2002 онд байгуулагдаж эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийг тасралтгүй явуулж байгаа бөгөөд салбартаа тэргүүлэгч компани болжээ. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн бодлогод тулгуурлан соёл урлаг, спорт болон нийгмийн үйл ажиллагааг дэмжин идэвхтэй ажилладаг юм байна. Энэ хүрээнд “Ази Фарм” ХХК-ийн хамт олон хөлбөмбөгийн спортыг дэмжиж “Атлетик 220” клубтэй хамтран ажиллах болов.

相关新闻