Чөлөөт бөхийн олимпын эрхийн төлөө Казахстанд хүч үзэх бөхчүүдийг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-01 10:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын наадмын тивийн сонгон шалгаруулах тэмцээн болох Азийн олимпын эрх олгох тэмцээн ирэх баасан гарагт Казахстаны Алматы хотод эхэлнэ.


Тус тэмцээнд 24 орны 200 гаруй тамирчин олимпын наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөж, жин тус бүрээс эхний 2 байр эзэлсэн тамирчид эрхээ авах юм.


Тус тэмцээнээс эрх авч чадаагүй бөхчүүд Болгарын Софи хотноо /2021.05.6-9/ болох Дэлхийн олимпын эрх олгох тэмцээний шигшээд шалгарвал олимпын эрх авах боломжтой юм.


Харин энэ сарын 9-10-нд Казахстанд болох чөлөөт бөх, сонгомол барилдааны олимпын эрхийн тэмцээнд Токиогийн олимпын 36 эрхийн төлөө тамирчид өрсөлдөх юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн тэмцээнд оролцох орнуудын тамирчдын нэрсийг зарлалаа.


Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд: Япон, Энэтхэг, БНСУ, Узбекистан, Монгол зэрэг орны 8 бөх зарласнаас Ц.Намуунцэцэгийн нэр дурдагджээ.


Мөн 53 кг-д 8 бөхийг зарласнаас Б.Болортуяа, 57 кг-д /8 бөх/ Б.Хонгорзул, 62 кг-д С.Цэрэнчимэд /9 бөх/,  68 кг-д /9 бөх/ Монгол байхгүй /С.Батцэцэг эрхээ авсан/, Харин 76 кг-д О.Бурмаа /6 бөх/ нар дуудагдсан байна.


Эрэгтэй бөхчүүдийн 57 кг-д Т.Түвшинтулга /14 бөх/, 65 кг-д 13 бөх барилдана. /Т.Тулга эрхээ авсан/, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ /15 бөх/, 86 кг-д Г.Ганхуяг /15 бөх/, 97 кг-д Ө.Батзул /12 бөх/, 125 кг-д М.Лхагвагэрэл /11 бөх/ нарыг олимпын эрхийн төлөө өрсөлдүүлэхээр дууджээ. 

相关新闻