Индонез, Зүүн Тиморт байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-04-06 11:50:40

ЖАКАРТА. /Reuters/. Индонез, Зүүн Тиморт үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүссэний улмаас амиа алдсан хүний тоо 113 болж нэмэгджээ.


Хүчтэй аадар бороо орсны улмаас Индонез болон хөрш зэргэлдээ оршдог Зүүн Тимор улсад үер бууж, хөрсний гулгалт үүссэн байна. 


Индонезийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлснээр, тус улсын өмнөд хэсэгт байгалийн гамшгийн улмаас 86 хүн амиа алдаж, 71 хүн сураггүй болжээ. Байгалийн гамшигт нийтдээ 30 мянга орчим хүн өртсөн байна.  Тэдний зарим нь нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байгаа аж.


Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд таван гүүр нурж, унасан моднууд зам хаасны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирч байгаа аж.


Тимор арлыг Индонезтой хуваан эзэмшдэг Зүүн Тиморын Засгийн газраас мэдээлснээр, тус улсад 27 хүн амиа алдаж, 7000 орчим хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ.




相关新闻